Т.Даваасамбуу


Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор улс орнууд нөөцөлсөн газрын тосноосоо худалдаж эхэллээ

hi

   Олон улс оронд шатахууны үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор нөөцөлсөн газрын тосноосоо худалдаж эхэлжээ. Тухайлбал, АНУ болон Япон газрын тосны улсын нөөцөө задлах болсноо зарлажээ. Вашингтон хэрэглэгчдийн нуруун дээр нэмэгдэж буй ачааг хөнгөлөхийн тулд шатахуун болон эрчим хүчний бусад бүтээгдэхүүнийг боловсруулахад зориулан стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефтийг гаргахаар болсноо мягмар гарагт мэдэгдсэн. Цагаан ордны мэдээлснээр, АНУ 2022 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд 50 сая торх нефтийг Мексикийн булангийн эргийн дагуу 621 сая торх нефть хадгалж буй стратегийн нөөцөөс боловсруулах үйлдвэрүүдэд борлуулах ажээ. Тус улсын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд үг хэлэх үеэрээ, улсын түүхэнд стратегийн нөөцөөс хамгийн их нефть гаргаж буй тохиолдол энэ болохыг цохон тэмдэглээд, жолооч нарт шатахууны үнийн бууралт тодорхой хугацааны дараа мэдэгдэнэ гэдгийг сануулсан байна.

Мөн үнийн өсөлт зөвхөн АНУ-д төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй асуудал гэдгийг Ерөнхийлөгч онцлоод, дэлхий нийтийн эрэлт хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээнд олборлолтоо нэмэгдүүлэхгүй байна хэмээн нефтийн арвин нөөцтэй орнуудыг шүүмжилжээ. АНУ-аас гадна Японы Засгийн газар нефтийн стратегийн нөөцөөсөө тодорхой хэсгийг гаргахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио өчигдөр мэдэгдсэн байна. Нефтийн үнийг тогтворжуулах зорилгоор Японы Засгийн газар стратегийн нөөцөөс 4.2 сая торх нефть гаргахаар төлөвлөж байгаа тухай “Nikkei” сонин өмнө нь мэдээлж байсан билээ.

Тус сонинд мэдээлснээр, худалдах тендерийг он дуусахаас өмнө явуулах бол зах зээлд хийх нийлүүлэлт ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх аж. Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, есдүгээр сарын сүүлчээр тус улсад төрийн болон хувийн 10 хадгалах байгууламжид 74.25 сая килолитр (467 сая торх) нефть байжээ. Энэ нь 235 хоногийн хэрэгцээг хангах хэмжээ бөгөөд нэг өдрийн нефтийнх нь нөөц 1.95 сая торх болж байгаа юм. Их Британи, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос тэргүүтэй хэд хэдэн улс ийм алхам хийхээр төлөвлөж буй талаар шинжээчид онцолжээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0