Тонга улсад хөл хорио тогтоолоо

hi

Коронавирусийн цар тахлаас ангид үлдсэн дэлхийн цөөхөн улсуудын нэг Тонгад анх удаа хөл хорионы дэглэм тогтоожээ.

 

Номхон далайн арлууд дээр оршдог тус улс өнгөрсөн сарын дундуур галт уулын дэлбэрэлт, цунамигийн гамшигт өртөж, ихээхэн хохирол амссан юм.

Байгалийн гамшгийн дараа олон улсын хүмүүнлэгийн тусламж Тонгад ирж эхэлсэн байна. Тусламжийн ачаа бараатай цуг коронавирус дамжиж ирэхээс тус улсын эрх баригчид болгоомжилж, ачаа хүлээлгэж өгөх ажиллагааг хүн хоорондын ямар нэг харилцаагүй (контактгүй) зохион байгуулж байжээ.

Гэвч Мягмар гарагт Тонгагийн нийслэл Нукуалофа хотын нисэх буудлын хоёр ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн байна. Дараа нь тэдний гэр бүлийн гурван хүнээс нэмж халдвар илэрчээ.

Тонга улсын засгийн газар 2020 оны эхнээс улс орноо гадаад ертөнцөөс тасалсан нь коронавирусийн халдвараас сэргийлэх зорилготой байсан юм.

Харин гамшгийн дараа Австрали, Шинэ Зеланд, АНУ, Хятад, Франц, Фижи, Их Британи улсуудаас тусламжийн ачаа хүлээж авах болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Тонгад ирсэн Австралийн армийн тэнгисийн хөлөг онгоцон дээр коронавирусийн халдвар дэгдээд байжээ. Гэхдээ Австралийн тал хөлгөө замаас нь буцаахаас татгалзаж, ачаа хүлээлгэж өгөх ажлыг халдвар хамгааллын өндөр шалгуурын дор зохион байгуулахаа амлаж байв.

Өчигдөр Австралийн батлан хамгаалах яам гаргасан мэдэгдэлдээ халдвар авсан усан цэргүүд боомтын өөр хэсэгт ажиллаж байсан тул Тонгад вирус тараасан гэх нотолгоо баримт байхгүйг мэдэгджээ.

Тус хөлөг Тонгад илэрсэн вирусийн сорьцыг Австрали руу буцахдаа авч яваад халдвар аль улсаас гаралтайг лабораторид шинжилж тогтоохоор болсон байна.

Тонга улсын ерөнхий сайд Сиаоси Совалени өчигдөр оройн 18:00 цагаас эхлэн улс орон даяар хөл хорио тогтоож байгааг зарлажээ.

Нөхцөл байдлыг 48 цаг тутамд үнэлж, дэглэмийг сунгах эсэхээ шийдэж байх юм байна.

Тонга улсын 106,000 орчим хүн амын 83 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хос тунд хамрагдаад байгаа юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0