
Оросын томоохон банкуудын нэг Газпромбанкны дэд ерөнхийлөгч асан Владислав Аваевын гэр бүл Москвад амиа алдсан байхыг цагдаагийнхан олжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 51 настай Владислав 47 настай эхнэр Елена болон 13 настай охин Мария нарыг буудан хөнөөж, дараа нь амиа хорлосон гэсэн урьдчилсан таамаглалыг мөрдөн байцаагчид дэвшүүлээд байгаа аж. Цогцосыг олох үед Владиславын гарт буу байсан тул цагдаагийнхан ийм таамаглал дэвшүүлж байгаа гэнэ. Хэргийн газарт үзлэг хийхэд хаалга дотроосоо түгжээтэй, хэрэг болох үед гаднаас хүн орж ирсэн ул мөр илрээгүй аж. Цагдаагийнхан энэ хэргийг ахуйн сэдлээр үйлдсэн гэж үзэж байгаа юм байна. Хэдэн өдрийн туршид Аваевынхантай утсаар холбогдож чадаагүйн улмаас гэрт нь ирсэн хамаатны эмэгтэй цагдаагийнханд дуудлага өгснөөр энэ хэрэг илэрчээ. Орос Украин руу довтолж эхэлснийн дараахан Оросын Ленинградск мужид Газпромын нэгдсэн тооцооны төвийн Ерөнхий захирлын орлогч амиа хорлосон талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байв.Газпромын санхүү эрхэлсэн захирал амиа алдсан талаарх мэдээлэл хоёрдугаар сарын 25-нд гарсан бөгөөд Ленинградск мужийн Ленинск сууринд нэгэн эрэгтэй амиа алдсан байсан талаар цагдаагийнханд мэдээлсэн байна. Цагдаагийнхан хэргийн газарт ирээд Газпромын Нэгдсэн тооцооны төвийн ерөнхий захирлын орлогч Александр Тюляковын цогцосыг олжээ. Тэрбээр зурвас бичиж үлдээгээд, дүүжилж амиа хорлосон байсан аж.