Украинд үзүүлж буй цэргийн дэмжлэг нэмэгдсэн нь Орос НАТО-гийн хооронд мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэй
hi

Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотнуудын нэг, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев АНУ болон түүний холбоотнуудын Украинд үзүүлж буй цэргийн дэмжлэг нэмэгдэж байгаа нь Орос НАТО-гийн хооронд мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэй гэжээ. Тэрбээр мөн барууны орнуудын цэргийн дэмжлэг цөмийн дайн болж хувирах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэсэн байна. Орос өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтолсон нь олон мянган хүний аминд хүрч, 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойших Орос, АНУ-ын хооронд хамгийн ноцтой сөргөлдөөн бий болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм. Медведев “НАТО-гийн орнууд Украин руу зэвсэг нийлүүлж, хөлсний цэргүүдээ илгээж, манай хилийн ойролцоо эвслийн орнууд цэргийн сургуулилтаа хийж буй нь НАТО болон ОХУ-ын хооронд шууд, ил тод мөргөлдөөн гарах магадлалыг нэмэгдүүлж байна" гэж “Telegram” хуудастаа бичжээ. "Ийм мөргөлдөөн нь бүрэн хэмжээний цөмийн дайн болж хувирах эрсдэлтэй" гэдгийг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга мөн онцолсон байна. Вашингтонд төвтэй Зэвсгийн хяналтын нийгэмлэгийн мэдээлснээр Орос, АНУ бол дэлхийн хамгийн том цөмийн зэвсэгтэй улс. ОХУ 6257 цөмийн цэнэгт хошуутай бол АНУ, Их Британи, Францад 6065 орчим цэнэгт хошуу бий. Путин “АНУ манай улсыг заналхийлэх зорилгоор Украиныг ашиглаж байсан тул Москва орос хэлээр ярьдаг хүмүүсийг хавчиж, дарангуйлахаас хамгаалах ёстой” хэмээж байсан билээ.