Хятад улс Тайванийг хэлэлцээрийн ширээнд суулгахын тулд жижиг арлуудыг нь бүслэх магадлалтай
hi

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси ирэх долоо хоногт Тайваньд айлчлах тухай цуурхал тарсан нь Хятадын эгдүүцлийг төрүүлэв бололтой.
Хэрвээ Нэнси Пелоси Тайваньд айлчилбал ноцтой үр дагаварт хүрнэ гэдгийг Хятадын тал өнгөрөгч даваа гарагт анхааруулсан юм. Нэнси Пелоси Тайвань улсад айлчилбал 1997 оноос хойш Тайванийг зорьсон АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болно. Анхны төлөвлөгөө ёсоор дөрөвдүгээр сард тэр Тайваньд айлчлах ёстой байжээ. Гэвч Covid-19-өөр өвдсөн тул айлчлалаа хойшлуулаад байсан тухай BBC дамжуулж байв.
Мөн, АНУ-ын Төрийн департментаас мэдэгдэхдээ, Нэнси Пелоси ямар ч айлчлал зарлаагүй гэжээ. Мөн АНУ-ын Тайваньд хандах хандлага өөрчлөгдөөгүй гэж мэдэгджээ.
Хятад улсын хувьд Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүчээр булаан авахаа амлаад байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч Баасан гарагт дарга Ши Жиньпинд Тайваний талаар анхааруулснаас хойш хэдхэн цагийн дараа Хятад улс сургуулилт хийх шийдвэр гаргасан байна. Үүнийг олон улсын ажиглагчид шууд бус халдлага гэж үзэж байгаа
бөгөөд Хятад улс агаарын довтолгоонд бэлдэх нэрийдлээр Тайваний эрэг орчим пуужин харвах болжээ. Харин үүний эсрэг Тайвань улсад агаарын довтолгооноос сэргийлэх дуут дохиог ажиллуулж эхэлсэн байна.
Ажиглагчдын үзэж буйгаар энэ байдал удаан үргэлжилбэл Хятадад Швейцар улс хориг тавих магадлалтай бөгөөд Хятадын тэнгис, Тайванийн хоолойн аюулгүй байдлыг сахих үүднээс Япон өөрсдийн хөлөг онгоцоо илгээх юм.
Мөн өнгөрсөн онд АНУ-аас Цай Ин Вэний засгийн газарт цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэж амласны улмаас Хятад улс Тайваньд агаарын дайралт хийж, анхааруулга өгсөн аж.
Хятад улс яагаад Тайваньд заналхийлэв
Хятад улс яагаад Тайваньд заналхийлж байгаа тухай “GLOBALY NEWS” дараах агуулгаар тодорхойлжээ. Хятад Тайвань гэх улсын түүхийг сөхвөл, 1949 онд буюу Хятадын коммунист нам нь Гоминданы тэргүүлсэн Бүгд Найрамдах засгийн газрыг ялж, иргэний дайн дууссан үеэс Хятад Тайванийг удирдаж эхэлсэн байна. Тодруулбал, коммунист намынхан эх газрын Хятадад БНХАУ-г байгуулж, гоминдан нь эх газрын Хятадаас наян бээрийн зайд орших Тайвань руу дүрвэжээ.
Улмаар тэд аль аль нь Хятад гэх олон улсын статусаар нэрлэгдэх болж, Хятадын Коммунист намын "Нэг Хятад бодлого" эрчимтэй хөгжсөнөөр 1990 оноос хойш Гоминданы хүч чадал суларсан байна. Гоминданы засгийн газрыг хэдэн арван жилийн турш НҮБ тэргүүтэй олон улсын форум, түүнчлэн АНУ зэрэг томоохон гүрэн Хятад гэж хүлээн зөвшөөрч байсан аж. Харин БНХАУ 1971 онд НҮБ-д өөрийн суудлаа хүлээн авснаар дэлхийн бусад орнууд, тэр дундаа АНУ хүлээн зөвшөөрөх замыг нээсэн байна. Вашингтон “Нэг Хятад бодлого”-ын хүрээнд Тайваний хоолойн хоёр эрэгт нэг Хятад улс байдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэ бодлого нь АНУ-д Тайваньтай албан бус харилцаатай байж, зэвсэг, "F-16" онгоц, пуужингийн довтолгооноос хамгаалах систем зэргийг зарах боломжийг олгодог хэмээжээ. Бээжин Тайванийг Хятадын муж гэж зарладаг. Харин Тайванийн ард иргэдийн хувьд тусгаар тогтнол, Хятадтай дахин нэгдэх асуудалд таатай бус хандаж байна. Хятадын албаны хүмүүс Тайваньтай энх тайвнаар дахин нэгдэх тухай ярьж байнгаа ч Ши Жиньпин дарга Тайваньд шаардлагатай бүх арга хэмжээг авах хувилбарыг хэвээр үлдээнэ гэж мэдэгдээд байгаа нь хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй юм. Тайвань иргэдийн 70 гаруй хувь нь одоогийн статус-квог үргэлжлүүлэхийг дэмжиж буй бол ердөө 10 орчим хувь нь тусгаар тогтнол, нэгдлийн төлөө нэн даруй алхам хийхийг дэмжиж байна гэж Ченчигийн Үндэсний их сургуулийн Сонгуулийг судлах төвөөс явуулсан судалгаанд дурджээ. Тайвань улсын иргэд Хятадтай нэгдэхийг 1990 оноос хойш дэмжих нь нэлээн багассан. Анх 1995 онд 21 хувьтай байсан бол өнөөдөр Тайванийн ердөө зургаа орчим хувь нь Хятадтай нэгдэхийг дэмжиж байна. Ши Жиньпин Хятад улс 2049 он гэхэд үндэсний залуужуулалтыг бүрэн гүйцэд хийнэ гэж амласан бөгөөд үүнийг зарим хүмүүс Тайваньтай дахин нэгдэх эцсийн хугацаа гэж үзэж байгаа юм.
Хятад, Тайвань улсын хооронд дайн хийвэл ямар үр дагавар учирч болох вэ?
Хятад улс Тайванийн худалдааны хамгийн том түнш бөгөөд нийт худалдааны дөрөвний нэгээс илүү хувийг эзэлдэг. Хятадтай дайн хийх нь Тайванийг эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд оруулна. Мөн Хятад улс Тайванийг бодвол цэргийн хүчээр асар их давуу талтай. Гэвч Украинд үргэлжилж буй Оросын дайны сургамж нь жижиг улс орнуудад цохилт өгөхөд асуудал дагуулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Батлан хамгаалахын стратегич
Харлан Уллманы үзэж буйгаар “ маш их зардал гарах учраас Хятад улс эцсийн дүндээ Тайванийг бүрэн довтлохоос зайлсхийж магадгүй бөгөөд Хятад улс Тайванийг хэлэлцээрийн ширээнд суулгахын тулд жижиг арлуудыг нь бүслэх, хураах” зэрэг арай зарлага багатай хувилбаруудаас сонгох боломжтой юм.