
Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА) АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд газардсантай холбоотойгоор Бээжин тус арлын эргэн тойронд урт хугацааны цэргийн сургуулилалт эхлүүлжээ. ХАЧА мөн энэ сарын 4-нөөс 7-ны хооронд Тайвань арлыг бүх талаас нь бүсэлсэн зургаан өөр бүсэд цэргийн цуврал сургуулилалт хийнэ гэж Пелоси Тайбэй нисэх онгоцны буудалд газардсаны дараа Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Сургуулилалтад оролцож буй J-20 үл үзэгдэгч сөнөөгч онгоц мягмар гарагийн орой нисэх онгоцны буудлаас хөөрч буйг Хятадын төв телевиз үзүүлжээ. Хятадын Гадаад хэргийн дэд сайд Си Фэн өнөөдөр үүрээр АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд Николас Бөрнсийг дуудаж, Пелосигийн Тайвань аралд хийсэн айлчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр АНУ-ын Элчин сайдад хандан Пелосигийн айлчлалын үр дагавар нь маш ноцтой. Хятадын тал зүгээр суухгүй гэдгийг анхааруулжээ. Пелосиг Тайбэй хотын Соншан нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсний дараахан Хятадын ГХЯ, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо, Хятадын Коммунист намын Төв хорооны Тайванийн хэрэг эрхлэх газар, Хятадын Ардын улс төрийн зөвлөлийн үндэсний хорооны Гадаад хэргийн хороо зэрэг таван эрх баригч байгуулллагын төлөөлөл хуралдсан байна. АНУ-ын даргын айлчлалын хариуд Хятад улс өөрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах нь гарцаагүй. Бүх үр дагаврыг АНУ болон "Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлагч хүчин үүрэх ёстой гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ. Салан тусгаарлах үзэл баримтлалтай Тайванийн АН-ын эрх баригчид гадны хүчинтэй тохиролцож, Пелосиг Тайваньд урихыг шаардсан нь туйлын аюултай бөгөөд ноцтой үр дагаварт хүргэх болно. Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах эсрэг арга хэмжээ авч, гадны хөндлөнгийн оролцоо, салан тусгаарлах оролдлогыг таслан зогсоохын тулд ХАЧА хэд хэдэн зорилтот цэргийн ажиллагаа явуулна гэж Үндэсний Батлан хамгаалах яам мэдэгджээ.