
Газар хөдлөлтийн улмаас барилгын нурангид дарагдсан хүмүүс нөхцөл байдлаасаа шалтгаалан аврагдах хүртлээ хэдэн өдрөөс хэдэн долоо хоногоор амьд тэсэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Аврагчид нурсан барилгуудыг ухахдаа хүний гинж үүсгэж, тусламж гуйхыг сонсох найдлагатайгаар чимээгүй байхыг уриалж байгаа аж. Олон барилга нурсны дээр үлдсэн барилгууд нь нурах эрсдэлтэй тул иргэдийн нэлээд хэсэг нь хоргодох газруудад төвхөнөсөн ч автомашиндаа тэр ч бүү хэл гадаа хасах хэмийн хүйтэнд хөнжлөөр ороогоод хоног төөрүүлэхэд хүрч байгаа аж. Үүнээс гадна эцэг эхээ алдсан олон өнчин хүүхэд хараа хяналтгүй үлдээд байгаа гэнэ. Газар хөдлөлтөд өртсөн бүс нутгаас олдсон хараа хяналтгүй нярай хүүхдүүдийг Анкара хотын эмнэлэгт авчирч байгаа аж. Хамгийн сүүлд Туркийн Ерөнхийлөгчийн онгоцоор 16 нярайг Кахраманмарас хотоос Анкара руу тээвэрлэсэн байна. Эдгээрээс хоёр нярайг нурангин дороос аварсан бол үлдсэн нь харах хүнгүй ганцаараа олдсон аж. Газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаанд ашиглахаар Туркийн Ерөнхийлөгчийн онгоцыг бэлэн байдалд оруулсан.