
Элон Маскийн тархины чип үйлдвэрлэгч компани АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны Газраас (FDA) анхны туршилтаа хүн дээр хийх зөвшөөрлийг авснаа мэдэгдлээ.
Дэлхийн тэргүүлэх тэрбумтны "Neuralink имплант" компани нь тархийг компьютерт холбосноор хүний мэдрэлийн системд нөлөөлж хараа, хөдөлгөөн зэргийг сэргээхийг зорьж байна. Өмнө нь тэд ийм төрлийн чипийг сармагчнууд дээр туршиж байсан бөгөөд сармагчны тархинд үүссэн дохиог тайлбарлаж, Bluetooth-ээр дамжуулан төхөөрөмжид мэдээлэл дамжуулах зориулалттай байсан аж. Харин энэ удаагийн микрочип нь "Саажилт, харааны бэрхшээл зэрэг өвчнийг эмчлэх, мөн зарим хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст компьютер, гар утасны технологи ашиглахад туслах болно" хэмээжээ.
Тус компанийн зүгээс удахгүй туршилтад оролцохыг хүсэж буй иргэдийг бүртгэх бөгөөд "аюулгүй, хүртээмжтэй, найдвартай" байдлыг уг туршилтдаа нэн тэргүүн тавина хэмээн мэдэгджээ.