
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу Бээжин АНУ-тай сөргөлдөөний асуудлаар яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байгаа бөгөөд хоёр улсын хооронд аливаа зөрчил мөргөлдөөн дэлхий дахинд гамшиг авчирна гэж анхааруулжээ.
Ази тивийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болох Шангри-Ла яриа хэлэлцээний үеэр Хятад, АНУ хамтдаа хөгжихөд дэлхий хангалттай хүрэлцэхүйц том гэдгийг мөн онцолсон байна. Гуравдугаар сард Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноосоо хойш олон улсад хийсэн анхны чухал уулзалтад үг хэлсэн бөгөөд "Хятад, АНУ хоёр өөр системтэй бөгөөд олон талаараа ялгаатай. Гэсэн хэдий ч энэ нь хоёр талын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нийтлэг ойлголт, нийтлэг ашиг сонирхолд саад болохгүй. Хятад, АНУ-ын хоорондох хүчтэй мөргөлдөөн, сөргөлдөөн нь дэлхий дахинд тэвчихийн аргагүй гамшиг болно гэдгийг үгүйсгэх аргагүй” гэжээ. Вашингтон, Бээжингийн харилцаа ардчилсан засаглалтай Тайвань, Өмнөд Хятадын тэнгис дэх нутаг дэвсгэрийн маргаан, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хагас дамжуулагч чип экспортод тавьсан хязгаарлалт зэрэг олон асуудлын улмаас маш хурцадмал байна.
Мөн өдрийн үдээс өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Лойд Остин Сингапурт болсон уулзалтын үеэр хэлэхдээ, Бээжингийн өөрийн нутаг дэвсгэр гэж зарлаж буй Тайванийн статус-кво-г хадгалахын тулд Вашингтон тууштай байна хэмээсэн. Тэрбээр мөн “Хятад улсыг цэргийн хэлэлцээ хийхээс татгалзаж, санал зөрөлдөөнөө мухардалд оруулсан” гэж буруутгасан. Ли баасан гарагт оройн зоог барих үеэр Остинтэй гар барьсан боловч ярилцаагүй байна. Ллойд Остин Вашингтон Хятадад дарамт шахалт үзүүлэхгүй бөгөөд Тайваний хоолой болон Өмнөд Хятадын тэнгис нь олон улсын ус гэдгийг онцолсон байна.