Б.Ариун-Уянга


Их хүмүүний дурсгалын цогцолбор сүндэрлэлээ

hi

Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн, БХЯ-ны сайд, ЗХЖШ-ын дарга хурандаа генерал Жамсрангийн Ёндон агсаны дурсгалын "Соёмбо" цогцолбор өнөөдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо сүндэрлэлээ. Дурсгалын цогцолборын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Хосбаяр, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Л.Моломжамц, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан болон хурандаа генерал Ж.Ёндонгийн үр хүүхдүүд оролцжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т Монгол Улсын тусгаар тогтнол, эх орноо батлан хамгаалахад гарамгай үүрэг гүйцэтгэсэн, гавьяат үйлс бүтээсэн төр, цэрэг, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, цэрэг дайчдын амьдрал ахуйг харуулсан түүхэн үйл явдлын талаарх дурсгалын цогцолбор байгуулах, түүнчлэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орныг батлан хамгаалах, эх орны бүтээн байгуулалтад гавьяат үйлс бүтээсэн баатарлаг өвөг дээдэс, цэрэг дайчид, хөдөлмөрийн алдартнуудыг алдаршуулан мөнхжүүлэх зорилтыг тусгасан байдаг.

Ийнхүү өнөөдөр 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин, "Төрийн хүндэт харуул"-ын дарга, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Цэргийн Ерөнхий дээд сургуулийн захирал, БХЯ-ны Сургалт эрхэлсэн анхны орлогч сайд, БНМАУ-ын БХЯ-ны сайд зэрэг нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалуудыг хашиж, олноо "Рапорт Ёндон" хэмээн хүндлэгдсэн, хурандаа генерал Жамсрангийн Ёндон агсаны алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний хөшөө, дурсгалын цогцолборын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү дурсгалын цогцолборыг бүтээн байгуулсанаар Хурандаа генерал Ж.Ёндон агсаны алдар гавьяа, дайчин замнал, үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжил, цэцэглэлтийн түүхийг олон нийтэд сурталчлах, ард иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна. Уг бүтээн байгуулалт нь Батлан хамгаалах яамны 110 жил болон Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2020 оны А/98 дугаар тушаалаар Хурандаа генерал Ж.Ёндон агсаны дурсгалын хөшөө, цогцолборыг байгуулах ажлыг удирдах ажлын хэсэг томилогдон өнгөрсөн хугацаанд уг дурсгалын хөшөө, цогцолборын зураг, бүдүүвч, орчны тохижилтын зураг, тооцоо, шаардагдах хөрөнгийн төсөв, хөшөөний загварыг гаргаж, газрын асуудлыг нь бүрэн шийдвэрлүүлжээ.

Мөн дурсгалын цогцолборыг бүтээхэд шаардагдах хөрөнгийг хандив, тусламжийн хэлбэрээр бүрдүүлсэн бөгөөд уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хандаж гаргасан уриалгыг Зэвсэгт хүчний Жанжин штабын генерал, офицер, ахлагч нар манлайлан сэтгэлийн хандив өргөсөн байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх