
Арваннэгдүгээр сарын наймны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд унтаж байсан хоёр сартай хүүхдийг муур гэмтээснээс амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр талийгаач нярайн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна.
Талийгаач амьсгалын дутагдал, бүтэлтээс болж нас барсан гэх дүгнэлт гарчээ. Бид уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:
“Талийгаачид хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр нярай амьсгалын дутагдал, бүтэлтээс болж нас барсан нь тогтоогдсон. Нярайн хамарт үүссэн шарх муурнаас үүдэлтэй. Гэвч талийгаачийн үхлийн шалтгаан муурнаас болсон эсэх, муур хамрыг гэмтээхээс өмнө нярай амиа алдсан эсэхийг шалгалтын явцад тогтооно. Албан шалгалтаар уг муур тухайн айлд хоёр хоногийн өмнө ирсэн, эзэнгүй муур байсан” гэв.
Болсон хэргийн тухай сануулахад, талийгаач нярайн ээж 19 настай бөгөөд тэр өдөр ахынх нь хоёр хүүхэд хамт хонож байжээ. Шөнө охиноо хөхүүлж унтаад өглөө босоход ийм харамсалтай явдал болсон аж. Өглөө ахыгаа орж ирэхэд сэрж, хэрэг явдлыг мэдэж, муурыг гаргаж хаясан байна. Охины ээж нь чих хатуутай байсан учир төрсөн ах нь гэрт орж хэлж, хүүхдээ хөхүүлэхийг сануулдаг байжээ.