
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолборын цэцэрлэгийн ахлах В бүлгийн багш М нь хүүхдүүдийг гараараа цохих, түлхэх, чимхэх, хацар руу нь алгадах зэргээр зодож, хүчирхийлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр /2021.12.21/ тавигдсан.
Асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?
- БШУЯ-аас тухайн багшид хариуцлага тооцох тухай аймаг, сумын удирдлагуудад анхааруулсан албан бичиг явуулжээ.
- Архангай аймаг дахь цагдаагийн газраас дээрх хүүхдүүдэд шинжээч эмч томилон, хамтарсан багт холбон зуучилж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.
- Сумын засаг дарга н.Мөнхбат цогцолборын захирал Д.Цэцэгдуламтай уулзаж анхааруулга, чиг үүрэг өгчээ.
- Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Эрдэнэбулган сумын ёс зүйн ажлын хэсэг, Аймгийн засаг даргын ёс зүйн зөвлөлөөс үе шаттайгаар шалгалт хийж, хариуцлага тооцжээ.
Туг.мн сайтын редакцаас тус асуудалтай холбоотой мэдээлэл авахын тулд Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ц.Бадрахтай холбогдож мэдээлэл авахыг хүссэн ч хуралтай байна гэдэг шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Бид үргэлжлүүлэн Эрдэнэбулган Сумын засаг дарга н.Мөнхбат болон "Ирээдүй цогцолбор"- ын захирал Д.Цэцэгдуламтай холбогдож энэ талаар мэдээллийг авлаа.
Цахим орчинд өөрийнх нь бичлэг тавигдсанаас хойш багш М нь сэтгэл санааны цочролд орж, амиа хорлохыг завджээ.
Хариуцлага алдсан багш М нь улсын байгууллагад 30 жил ажилласан бөгөөд энэ жил тэтгэвэрт гарах байжээ. Өмнө нь тэрбээр ямар нэгэн хариуцлага алдаж, зөрчил гаргасан тохиолдол байгаагүй талаар "Ирээдүй цогцолбор"-ын захирал Д.Цэцэгдулам мэдээллээ.
\
Д.Цэцэгдулам: Арга хэмжээ авахуулж, албан тушаалаа өгөхөд бэлэн
"Ирээдүй цогцолбор"-ын захирал Д.Цэцэгдулам: Багш М нь өндөр настай хүн учраас даралт нь хэлбэлзсэн. "Миний буруу" гэдэг үгнээс өөр үг хэлэлгүй уйлаад л байна. Ар гэрээс нь сая над руу залгаад амиа хорлох гээд байна гэж хэлсэн. Энэ хүнд сэтгэл зүйч хэрэгтэй болж байх шиг байна. Одоогоор холбогдох байгууллагуудад бид шалгагдаж байгаа. Удирдаж байгаа миний буруу ч бий. Багш ажилчдыхаа ёс зүй, арга зүйд анхаарал хандуулж чадаагүй. Монголын бүх багш ажилчид, эцэг эхчүүдээс уучлалт гуймаар байна. Арга хэмжээ авахуулж, албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Одоогоор М багш туслах багшийн хамт цагдаад шалгагдаж байгаа. Түүний багшлах эрхийг нь цуцалж, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.