Д.Жамъяндагва


Эх оронч дүрээр танигдаж, төрд шургалсан тэмцэгчдийн хэн нь хэн бэ?

hi

У.Хүрэлсүх гэж хүн ерөнхийлөгч болох хүслээ биелүүлэхээр дөнгөж төрсөн эмэгтэйг эмнэлгээс “нүцгэн шахуу” гаргаж төр эргүүлэх зохиомол тэмцэл өрнүүлж, Сүхбаатарын талбайн гялгар шалыг элээсэн цаг саяхан.

Углааштай тэмцэл төрийн ёс зүйг нийтэд харуулахыг зорьсон ч нэг намын эрхэнд нийтийн эрхийг атгуулах зорилго нуугдсаныг хоногтоо шинэ шуугиан үүсдэг хөөсөрсөн монголчууд мэдэрсэнгүй.

2000-аад оноос эхлэлтэй тэмцэгчдийн дүр төрх өдгөө шинэ залуусаар “цус сэлбэж”, тархи угаасан тэмцлийн хэлбэрээ улам төгөлдөршүүлсээр...

Зарим тэмцэгчид зөвхөн нэг сэдвээр дагнаж явсаар албан тушаалд хүрч амаа үдүүлдэг бол нөгөө хэсэг нь сэдэв болгон руу үсчдэг ч ахиц дэвшилгүй, нөгөөх л байрандаа үлдэх нь гунигтай.

Тэдний сонгодог дүр бол “Эх нутаг хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн, тэмцэгч Өэлүн буюу Л.Өнөрчимэг, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр гэх мэтээр тууштай ч албан тушаалаар шагнуулдаггүй “азгүй” хэсэг бүлгийн төлөөлөл өнөөдөр ч сэдэв бүрээр тэмцэж яваа.

Оюутолгойн асуудлыг ярихад тэд л явж байна. Тавантолгойн хувьцаа, Туул гол, Ноён уул, Бороо гоулд, Тост, Тосонбумбын нуруу, энэ ч нам, тэр ч үхэл гэх мэтээр уул уурхайтай сэдэв болгонд  та эдгээр тэмцэгчдийн дүр төрхийг олж харна.

 Эсвэл М.Энхболдыг огцруулах, Ц.Нямдоржийг суудлаас нь буулгах гэх мэт улс төрийн тэмцэл бүхэнд оройлон оролцоно.

Нөгөө хэсэг нь нэгхэн сэдвээр жил гаруйхан жагсаж гүйгээд л том компанийн ТУЗ-д орж, эсвэл нам дотроо шантааж хийж гүйгээд л даргын албан тушаалд ногоон гэрлээр томилогддог арга зальтай тэмцэгч нар ч бий. Юутай ч Г.Баасангийн эхлүүлсэн “тэмцээд албан тушаалд хүрч болдог” жишгээс ахмад, залуу, дунд үеийнхэн амжилттай суралцаж, албан тушаалын шатаар ногоон гэрлээр дээшилсээр байна.

Бидний сайн мэдэх С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан, О.Магнай нарыг харцгаая. З.Баянсэлэнгэ нарын хэтэрхий азтай сонгодог дүр төрх ч бас бий.

Амьдралынхаа мөч бүхнийг, жил болгоныг сэдэв болгоноор тэмцэхэд зориулдаг ч парламентад суудалгүй намын дарга, дүүргийн ИТХ-аас хэтэрч чадахгүй яваа Б.Жагар, А.Эрдэнэбаяр, О.Бум-Ялагч нарын төлөөлөл ч өнөөгийн нийгмийн нэгээхэн дүр зураг.

Зарим нь салбар бүрээр, эсвэл нэг хүнээр “мэргэшнэ”. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой л тэмцдэг Т.Энхсайхан, утаатай л тэмцэж явсан Ц.Пүрэвхүү, шатахууны үнийн эсрэг тэмцдэг “машинтай тэмцэгч” Б.Цэгмид, зөвхөн уул уурхайн том компаниудтай л тэмцдэг хэмээн өөрийгөө сурталчлах Х.Мандахбаяр нарыг ч нэрлэхгүй өнгөрч болохгүй. Гэвч эдгээр тэмцэгчдийн эцсийн хүсэл, хүрэх ёстой зогсоол нь УИХ-ын гишүүний албан тушаал.

 Бүгд л ямар нэг аргаар танигдаж, албан тушаалд хүрэх алс хэтийн зорилготой. Түүндээ хүрэхийн тулд сэдэв бүхэн дээр дөрөөлж, хүн бүхэнд таалагдах гэж хичээж яваа ч С.Ганбаатар, Г.Баасангийн зиндаанд хүрч чадаагүй л явна.

Ийм л хүмүүс өнөөгийн нийгэмд шударга ёсыг ярьж, шударга байхыг шаардаж байх аж.

2000 оноос эхэлсэн шударга ёсны төлөөх тэмцэгч нар өнөөдөр хаана юу бүтээж, хэрхэн амьдарч явааг танилцуулъя.

Г.Баасан: 2005 онд Монголын ахмадын чөлөөт холбоог байгуулж, тэргүүлсэн. Өдгөө АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна.

Ж.Батзандан: 2006 онд Иргэний хөдөлгөөний тэргүүнээр ажил­лаж, дараа нь улс төрийн нам бай­гуулсан. /ШИНЭ намын дарга/ УИХ-ын гишүүн асан. Одоогоор Австрали улсад суух Элчин зөвлөх

О.Магнай: 2005-2007 онд “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ий тэргүүнээр ажиллаж байсан. Өдгөө АН-д Нарийн бичгийн даргаар ажиллаж,  АН-ын гишүүн

С.Ганбаатар: 2005-2007 оны дөрөвдүгээр сар хүртэл “Эрс-Шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн, 2006-2007 оны дөрөвдүгээр сар хүртэл “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний удирдагч. 2007 оноос МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Одоо УИХ-ын гишүүн

З.Баянсэлэнгэ: МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах жагсаалд оройлон оролцож байлаа. Үүний дараа МАХН- “Шударга ёс” эвслээс жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Мөн Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан.

Г.Уянга:  Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй бөгөөд "Улс Төрийн сонин"-ы эрхлэгч, МҮАН-ын ЕНБДарга, Амлалт Нэхэх Ард Түмний Холбооны Ерөнхий зохицуулагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2012-2016 онд Улсын Их Хурлын Гишүүнээр сонгогдож ажилласан. 

Ц.Пүрэвхүү: “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ыг байгуулсан. Тун удалгүй “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болсон. Одоо Ерөнхийлөгчийн зөвлөх

Х.Мандахбаяр: “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүнээр ажиллаж уул уурхайн тэмцэгчийн дүрээр гарч ирсэн. Энэ албаныхаа хажуугаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч хийж байсан “Эрхэт Монгол” группын тэргүүн. Өмнөговь аймгаас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн

Б.Жагар: 2013 онд “Далд хүн” ТББ, 2014 онд “Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн” ТББ-ын Ерөнхий зохицуулагчаар тус тус ажиллаж байсан. Харин 2016 онд МАХН-д элсэж, Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд даргаар ажиллаж байлаа. 2019 онд Монголын төв намыг үүсгэн байгуулж, дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан ч бүртгэхээс татгалзсан. Одоо Хан-Уул дүүргийн ИТХ-ын хурлын төлөөлөгч

Т.Энхсайхан: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулна хэмээн тэмцэж явсан Т.Энхсайхан нь Төв аймагт нэр дэвшин ялагдаж байсан. АН-ын ҮБХ-ны гишүүн өнгөрсөн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт 29-р тойргоос нэр дэвшсэн

С.Жавхлан: “Хамаг Монгол” төслийн удирдагч, “Гал үндэстэн” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн байсан. УИХ-ын гишүүн асан

Г.Арслан: “Шударга иргэдийн фронт” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан. Дараа нь Усан спорт, сургалтын төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд ХБНГУ-ын Берлин дэх Элчин сайдын яаманд техникийн ажилтнаар сонгогджээ. 

 

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5