М. Учрал


С.Эрдэнэ: АН сөрөг хүчнийхээ үйл ажиллагаанд идэвхтэй шилжин ажиллах цаг болсон

hi

Ардчилсан намаас (АН) 2023 оны улсын төсвийн төслийн талаарх асуудлаар Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ "Өнгөрсөн долоо хоногт манай нам шинэ дүрмийнхээ зохицуулалтын дагуу АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг нээлттэй хийж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг даргаар нь томилсон. Цаашдаа АН-ын Үндэсний бодлогын хороод хуралдаж УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр ажиллана. Сөрөг хүчний гол намын хувьд өөрсдийн улс төрийн үйл ажиллагааг давхар явуулах чиглэлээр ажиллахыг зорьж байна.

Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны улсын нэгдсэн төсвийн төслийн талаар хэлэлцсэн. 2023 оны улсын төсөвт АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандсан. АН-ын зүгээс эрх баригч нам 2023 оны улсын төсвийг 2024 оны сонгуулийн төсөв болгож байна хэмээн үзэж байна. Төсвийн алдагдал, төсвийн тэнцэл, төсөвт оруулж буй хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, зориулалтыг үндсэнд нь 100 хувь боломжгүй төсөл боллоо гэж дүгнэсэн. Тиймээс улсын төсвийг бүхэлд нь эргүүлэн татаж авах хэрэгтэй.

Төсөвт тусгасан алдаагаа засаж сайжруулахгүй юм бол АН цаашдаа улс төрийн идэвхтэй тэмцэлд шилжин ажиллах болно. АН сөрөг хүчнийхээ үйл ажиллагаанд идэвхтэй шилжин ажиллах цаг болсон. Төсвийн хөрөнгөөр УИХ-ын дарга нь хүүхэлдэйн кино хийгээд, тоглоод сууж байдаг. Ийм удирдлагатай төр хол явахгүй. Тийм учраас сөрөг хүчний намын хувьд бид шүүмжлэлтэй хандаж байна"

2023оны Улсын төсвийн төслийг засгийн газар нэн яаралтай эргүүлэн татан авах шаардлагатай

Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат "Монгол Улсын 2023 оны улсын төсвийн төслийг эрх баригч МАН 2024 оны сонгуульд бэлтгэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахад чиглэсэн луйврын төсөв болгож байна гэж АН-ын Үндэсний бодлогын хорооны нийт гишүүд санал нэгтэйгээр дүгнэсэн. 2023 оны улсын төсвийн төслийг Засгийн газар нэн яаралтай эргүүлэн татан авч үндсэн хууль болон холбогдох хуулийн хүрээнд Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн төслийг дахин хянан боловсруулж өргөн барихыг шаардаж байна.

Татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй байж ард иргэдэд дарамт учруулахгүйгээр бодитой үндэслэл тооцоо хийхийг хүсэж байна. Төсвийн 1.5 их наяд төгрөгийн алдагдлыг арилгаж төсвийг тэнцвэржүүлэхийг шаардаж байна. Төсвийн хөрөнгө оруулалт, төрийн худалдан авалтаас авлигал хээл хахууль авах боломжийг арилгах хөрөнгө оруулалтыг хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр царцааж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулахыг шаардаж байна.

Ипотекийн зээлийг хуулийн хүрээнд шийдэж, зээл олголтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүний эрхийг зөрчиж, ар иргэдээ ялгаварлан гадуурхаж, хуулийг уландаа гишгэж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байна" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0