
АЗХ Ард түмнээ доромжилсон сайдыг огцруулж чадсан. /2022.09.26/ ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “улны айлууд” гэсэн нь олны дургүйцлийг хүргээд буй. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ноос Монгол улсын Засгын газар, Ерөнхий садад албан шаардлага хүргүүлсэн боловч албан шаардлагын хариуг өгөөгүй байна.
Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.БОЛДБААТАР:
-Төрийн сайд, тэр дундаа Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл Монгол Улсын иргэдийг нэн ядуу буюу "улны айлууд" "үхэр" гэх мэтээр нэр хоч өгч, ялгаварлаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил.
Иймээс АЗХ-ноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХНХ-ын сайд Д.Сарангэрэл нарыг ард иргэдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
Мөн Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах, Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдэлд засаг барьж буй хүмүүс хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой.
Ардчилал бий болсноос хойш сүүлийн 32 жилийн 22 жилд МАН дангаар ноёлж байна. Энэ нь ард иргэдийг ядуу байлгах тогтолцоог эрх баригчид бий болгож байгаагийн тод жишээ. Иймд иргэдийг доромжилдог, сайдын хүүхэд сайд болдог жишгийг халж, эрх баригчдаас хариуцлага нэхэх нь зүйтэй.