
Монгол Улсын засгийн газраас /2022,12,15/-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх хуулийн төслийг өргөн барьсан. Эрүүгийн эрх зүйн гол онцлог нь эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, төсөөтэй хэрэглэхгүй байх зарчим үйлчилдэг.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хууль шударга, тэгш үйлчлэх ёстой. Суурь зарчмуудаас ухарч болохгүй хэмээгээд дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд батлагдаж байсан эрүүгийн хуулиуд ч одоогийн эрүүгийн хууль ч хүчин төгөлдөр. 1980-аад оны үед гарсан хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн үйлдэл өнөөдөр шалгагдахад тухайн шалгагдаж байгаа хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, эдгээр хуулиудын аль нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэдгээр нь хуулийг буцаан хэрэглэдэг эрүүгийн эрх зүйн суурь зарчим хэвээр хадгалагдана. Мөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид яг юу гэж томьёолсон тэрийг адилтгаж, төсөөтэй байдлаар бусдад ял оногдуулж болохгүй. Ял халдааж болдоггүй. Тэгэхээр энэ суурь зарчмуудаасаа ухралт хийж болохгүй.
Бид аливаа хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг том хуулийг баталж, өөрчлөхдөө сэтгэл хөөрөл, тухайн үеийн нийгмийн эмоцид таалагдах гэж эрүүгийн эрх зүйн суурь зарчмуудаас ухралт хийж огт болохгүй.
МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгана гэж тусгасан. Энэ хуулийн өөрчлөлтийг анх 2022 оны 5 сард УИХ-Д өргөн мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн том цогц өөрчлөлт явж байгаа учраас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.
Гол агуулга бол олон нийтийн дургүйцэл, бухимдлыг төрүүлээд байгаа олон тэрбум төгрөг ашигласан, завшсан хүмүүст 40 сая төгрөгөөр торгоод, ялыг хялбаршуулж шийдээд байгааг өөрчилж байна.
Тиймээс 22 дугаар бүлгийн бүх гэмт хэргүүд хэрэг хялбаршуулсан журмаар шийдэгдэхгүй, ердийн журмаараа буюу хуульд заасан тэр хорих ялыг оногдуулах байдлаар өөрчлөлтийг оруулж ирж байна. Хоёрдугаарт нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хамгийн дээд тал нь бүх насаар нь хасаж байгаа. Энэ бол маш том шийтгэл.
Өөрөөр хэлбэл тэр хүн орон нутгийн сонгуульд ч сонгогдох эрхээ алдана, нийтийн бусад албан тушаалд бүх насаараа ажиллах эрхгүй болохоор өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Мөн зарим төрийн хөнгөн гэмт хэргийн торгуулийн ялын хэмжээг нэмэгдүүлж байгаа" хэмээлээ.