
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж буй Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол 10 цагаас эхэлсэн ч түр завсарлууллаа.
Хуралдааны эхэнд иргэд сонсголыг нэг танхимд зохион байгуулах, үг хэлэх боломжоор хангах ёстой гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. Учир нь тус сонсголыг дөрвөн танхимд байгуулахаар зохион байгуулалт хийсэн байсан юм. Иймд сонсголын даргалагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг сонсголыг 10 минутын хугацаатай завсарлуулж, ажлын хэсэг хуралдах шийдвэрийг гаргалаа.
Сонсголоор хэлэлцэх сэдэв:
1.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар;
2.Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл;
3.Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх;
4.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай гэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.