
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэний санаачилгаар Өмнөговь аймгийн БОЭТ болон, Гурвантэс, Ханбогд, Цогтцэций, Ноён сумдын ард иргэдэд эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх бүрэн тоноглогдсон 5 автомашиныг хүлээлгэн өглөө. Ланд 78 маркийн тус автомашин нь эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдож, хянагч монитор, дусал, тарианы шахуурга, хүчилтөрөгчийн зөөврийн аппарат зэргийг суурилуулснаараа онцлогтой. Тухайлбал хүчилтөрөгч залган зөөвөрлөж яваа өвчтнөө хүчилтөрөгчийг салгахгүйгээр эмнэлгийн тасагт хүргэх боломжтой гэсэн үг.
Туулах чадвар өндөр, хурд хүч, эдэлгээ даах тус автомашиныг эрүүл мэндийн салбарт нийлүүлснээр нэн яаралтай тусламж үйлчилгээ авах өвчтөнүүдийн амь насыг аврах, цаг алдахгүй байх зэрэг чухал ач холбогдолтой.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ санаачлан улсын төсвийн 860.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбар орчин үеийн тоноглол бүхий 5 Ланд 78 маркийн автомашинаар чанар хүртээмжээ нэмэгдүүллээ.