
Хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй ээжүүдийн төлөөлөл мэдээлэл хийж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт захидал хүргүүлжээ.
Ээжүүд:
"Бид ориловч, төр дүлий" гэдэг үгийг онцолж байна. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг нь хүүхдүүд эзэлдэг. Эдгээр хүүхдүүдийн асран хамгаалагч, эцэг эхчүүдийн тоог нэмэхээр энэ тоо 50-иас дээш хувийг хол давна. Энэ олон хүнийг төлөөлж, үгээ хэлэхийг хичээж байна. Бид олон нийтийн сүлжээ, хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн боловч төрөөс ямар ч арга хэмжээ авахгүй байна.
Бид 5000 төгрөг цуглуулж, өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна.
Засгийн газраас нийт хүүхдийн 91 хувь хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэж, бүрэн олгосон гэж мэдээлсэн боловч өрхийн орлого нь 3.5 сая төгрөг хүрэхгүй, хагас бүтэн өнчин болон өрх толгойлсон эцэг эхтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олноор хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй байна.
Тиймээс хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй ээжүүд фэйсбүүкт групп үүсгэж, судалгаа явуулсан. Судалгаанд хамрагдсан ээжүүдийн дунд хүүхдийн мөнгөнд хамргагдах хүлээлттэй, орлого нь сарын 3.5 сая төгрөг хүрэхгүй өрхийн хүүхэд хасагдсан маш олон тохиолдол байна. Ямар шалгуур үзүүлэлтээр хүүхдийн мөнгөнөөс хасагдсаныг тодруулахад хариулт өгөх төрийн байгууллага алга байна.
Өндөр татвар төлдөг, үнэтэй машин унадаг чинээлэг амьдралтай хүмүүс хүүхдийн мөнгөнд хамрагдсан жишээ баримт маш олон байна. Гэхдээ энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Гэтэл хүүхдийн мөнгөнд хамрагдах шаардлагатай, эмзэг бүлгийн гэж болох хүүхдүүд мөнгө авч чадахгүй байна. Төр алдаатай мэдээлэлд үндэслэн хүүхдийн мөнгө олгож эхэлсэн. Тэгэхээр энэ алдааг засахад хэцүү учир энэ жилдээ бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохыг хүсэж байна.