
Монгол улсын сайд, УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруудлах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Дүнжингарав" худалдааны төв орчмын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар газар дээр нь ажиллаа.
Тэрбээр, "Худалдааны төвийн асуудал дээр бол намайг сайдаар томилогдоод сарын дараа "Дүнжингарав" худалдааны төвийн орц, гарц түгжрэлтэй холбоотой асуудлаар иргэд нэлээн олон санал ирүүлсэн. Энэ худалдааны төвийн орц, гарц хөдөлгөөний зохион байгуулалтыг "Нарантуул" зах шиг болгоод өгөөч ээ! гэдэг асуудлыг тавьж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдсэнгүй. Удаа дараа иргэд санал гомдлоо илэрхийлсэн. Замын хөдөлгөөний зохион байгуулалт муу байгаа учраас хотоос энэ хөдөлгөөн дээр анхнаасаа анхаарал хандуулаагүй юм байна. Анхнаасаа Улаанбаатар хотын нөхдүүд маань энэ хэсгийн орц гарцыг сайжруулахад анхаарал сайн хандуулаагүй байна. Энэ асуудлаас түгжрэл ихсэж байна. Удахгүй Цагаан сар ойртож байна хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Зохиомол хүндрэл үүсгэхгүйгээр төр хувийн хэвшлийн түншлэлийг ярьж байгаа хүрээндээ энэ мэт асуудлыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдмээр байна.
Ганц "Дүнжингарав" гэлтүй Нийслэлд 25 худалдааны төв байна, энэ болгон дээр төрийг хүлээх биш өөрсдөө санаачлага гаргах хэрэгтэй. Хүндрэлүүд үүсээд байгаа учраас бид өргөн бүрэлдэхүүнтэй багаараа ажиллаж байна. Ойрын үед асуудлыг шийдэх хэргтэй " хэмээв.
Тээврийн Цагдаагийн дарга С.Баасанжав: "Улаанбаатар хотын худалдааны төвүүдээр баяр ёслолын өдрийг угтан ачаалал үүсдэг. Зогсоол хүртээмж хүрэлцдэггүй, хүрэлцэхээр байсан ч автомашинаа буруу тавьсанаас үүдэн зогсоолын хүртээмж муу байдаг. Хуучин баруун зүг рүү гардаг гарц байсан ч барилгын ажил эхлээд хаагдсан. Одоогоор ганц гарцтай худалдааны төвийн зогсоолоос гарахдаа 4-5 эгнээгээр бөөгнөрч нэг эгнээ рүү орохдоо мөргөлдөх, шүргэх замын түгжрэлийг бий болгох асуудал гарч байна. Бидний зүгээс Дүнжингарав худалдааны төвийн удирдлагуудтай хамтарч хашлага тавьж хоёр эгнээ болгох зохион байгуулалтын арга хэмжээ авдаг боловч худалдааны төвийн урд замын хөдөлгөөн хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн их учир өдөр бүр түгжрэлийн асуудал үүсдэг. Баруун зүг рүү гарах гарцны барилга дуусахад уг гарц ажиллаж эхэлнэ.