М. Учрал


Д.Цэрэндорж: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг тойрсон хууль бус томилгоог илчилье

hi

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны даргаар 2016 оноос хойш 2021.06 сар хүртэл нийт 4.7 жил, Цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан хурандаа Д.Цэрэндорж манай редакцид хандсан юм.

Тэрбээр Монгол Улсад туйлын үнэнг баталж шүүх байгууллагад үнэн, зөв шинжилгээ гаргаж ажилладаг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бодит завхрал туйлдаа хүрч, улс төрийн томилгоо, албан тушаалын наймаа хийгддэг болсон тухай ярив.

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ХЭН НЭГНИЙ АВЧ ЧАДААГҮЙ АЛБАН ТУШААЛ, ЦОЛ ОЛГОДОГ ШАТ АХИУЛАХ ДАМЖАА БОЛСОН

-Та манай Туг.мн сайтад ямар зорилгоор хандах болов?

Нэн түрүүнд хэлэхэд би ажлаа хүлээлгэж өгөхгүй гэж хэвлэлийн байгууллагад хандаагүй. Миний төрд ажилласан нас болсон гэж боддог. Өмнө нь Говьсүмбэр, Төв аймгуудад шүүхийн шинжилгээний албаны даргаар ажиллаж байсан туршлагатай. Үүнээс өмнө 28 жил цагдаагийн байгууллагад ажилласан. Цагдаагийн хурандаа цолоор төрөөс хөдөлмөрийг минь үнэлсэнээс хойш 20 жил өнгөрчээ. Одоогийн хүүхдүүд шиг 2 жил ажиллаад хурандаа цол аваагүй хүн шүү. Тиймээс ч өдгөө манай шүүхийн шинжилгээний байгууллага хэн нэгний авч чадаагүй албан тушаал, цол олгож өгдөг шат ахиулах дамжаа болсонд сэтгэл үнэхээр эмзэглэж явдаг.

Одооны хүүхдүүд манай байгууллагад орж ирж хурандаа цол аваад л маргааш нь гардаг болсон. Өмнөговь аймагт хорьхон хоног ажиллаад хурандаа цол авчихаад буцаад гарч явсан бодит тохиолдол бий. Тэр хүний нэрийг ч мэдэж амжаагүй. 

2020 оны шинэ засгийн газраас хойш хийгдсэн томилгооны талаар хэлэхэд хоёрхон сарын дотор 8 аймагт дандаа гаднаас цол, албан тушаал горьдсон ардаа “крантай”  хүмүүс ирсэн. Дандаа л цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа цол авч чадаагүй гологдолууд байсан. Цагдаад өөрийнх нь хүчин чадлаар цол олгодог. Тэнд цол авч чадаагүй улс төрчид, эрх мэдэлтнүүдийн арын хаалганы хүмүүс танил талаараа хуваарьлагддаг “хүсэл биелүүлэх” шат болсон. 

Гадуур манай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг юу гэж ярьж байна гэхээр “хурандаа нарын эрчимжсэн курс” гэх нэр томъёо гарч онигоо болж байна. 

-Хуульзүйн сайд Х.Нямбаатар танай хүрээлэнд ёстой л мэргэжлийн хүн тавина гэж ярьсан гэдэг.

Тийм. Тэгж хэлж байсан ч нэг ширхэг ч мэргэжлийн хүн хуваарилсангүй. Ганцхан Дундговь аймгийн Шүүх шинжилгээний албаны даргыг эс тооцвол шүү дээ. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн “өгзөг” билүү юу гэгдээд байлаа тэр Д.Одбаярын жолооч байсан Н.Пүрэвсүрэн гэж хүн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргаар хуваарьлагдаж хоёрхон жил ажиллаад хурандаа цол аваад буусан. Тэр хүнийг өөр аймагт очиж ажилла гэсэн гэдэг ч ажлаа мэдэхгүй учир буусан байна лээ. Миний шавь нар Хэнтий аймагт одоо ч ажиллаж байна. Түүнийг архи ууж заналхийлдэг, дээрэлхүү нэгэн, ажиллахад хэцүү хүн гэдэг.

-Төрийн албанд ажиллах албан хаагчдад тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй хүмүүсийг томилж байгаа нь улс төрийн шахаа байдаг юм байж. Хуульзүйн яаманд харъяалагддаг Төрийн албаны зөвлөл гэж бүхэл бүтэн аппарат яг юу хийдэг билээ?

Монголын төрд байгаа Төрийн албаны зөвлөлд би хандах гээд байж байна. Эдгээр 8 аймагт шинээр томилогдоод байгаа албаны дарга нарыг албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагад нийцэж байна уу? Төрийн албаны шалгалтаа авсан уу? Меррит зарчимаар дэвшиж ирсэн үү? Үнэндээ эдгээр томилгооны хүмүүсээс шалгалт аваад үзэхэд тэнцдэггүй л байхгүй юу. Шүүх шинжилгээний чиглэлээр мэргэшсэн, хуульч, шинжээч, шинжлэх ухаанч, ажлын дадлага туршлагатай, чадвартай, ядаж сэтгэлтэй салбарыг ойлгодог хүмүүс ажиллах ёстой. Ийм үл бүтэх хүмүүс томилогдож байгаа нь хамгаас үнэн байх үүрэгтэй шүүх шинжилгээний байгууллагын ажлыг доройтуулж байна. 

-Шүүх шинжилгээний байгууллагад удирдлагаар ажиллах хүмүүст тавигдах шаардлага мэдээж бий байх. 

Үүнд 5 зүйл хамаарна. 

Нэгдүгээрт: Шүүх шинжилгээний байгууллагад 12 жил ба түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай байх.

Хоёрдугаарт: Таван жил тасгийн дарга болон адилтгах албан тушаалаар ажилласан байх.

Гуравдугаарт: Боловсролын хувьд шинжлэх ухааны буюу криминалистикийн чиглэрээр магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг хамгаалсан байх.

Дөрөвдүгээрт: Удирдахуйн ухааны шаталсан сургалтад хамрагдсан байх зэрэг шаардлагад нийцсэн хүнийг шүүх шинжилгээний байгууллагад удирдах албан тушаалд томилох тухай хуулинд тусгасан байдаг. 

ХОВД АЙМГААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НЭГ АНГИЙН, ЖИЖҮҮРИЙН ЦАГДАА БАЙСАН Т.БАЯР-ЭРДЭНЭ ГЭХ ХҮН МАНАЙ АЛБАНЫ ДАРГААР ИРСЭН 

-Энэ Засгийн газрын үед хийгдсэн томилгооноос та дурьдаач. Тэд бүгд “арын хаалганых” гэж үү?

Жишээлэхэд Сүхбаатар аймагт манай шүүх шинжилгээний албаны даргаар томилогдсон Г.Идэр-бат гэх Цагдаагийн дэд хурандаа хүн бий. Мөн Хэнтийд дээр хэлсэн хүн, Говьсүмбэр аймагт томилогдсон хүн өмнө нь цагдаад хэв журмын чиглэлээр ажиллаж байсан Б.Төрбат гэж манай салбараас хөл хөндий хүн очсон. Манайд чинь ядаж мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хүн тохирдог. Увс аймагт С.Энхбат гэх цас л цагдаад байсан хүн томилогдлоо. Дорноговьд Ч.Ууганбаяр гэх хүнийг томилсон гээд бүгдийг өнгөрөгч долоо хоногт томилсон. Ямар ч шинжлэх ухааны байгууллагад хүрээлэнгийн “А” мэдэгдэхүүнгүй хүмүүсийг томилчихлоо. Миний оронд Ховд аймагт цагдаагийн ахмад цолтой, хэв журмын цагдаа хийж байгаад жижүүрийн оффицероор ажиллаж байсан Ховд аймгаас УИХ-д сонгогдсон С.Бямбацогт гишүүний нэг ангийн хүүхэд Т.Баяр-Эрдэнэ гэх хүнийг даргаар томилсон. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжлэх ухаанч бус, төрд хуулийн дагуу үүрэг хүлээх чадамжгүй байгууллага болж хувирлаа. Эдгээр арын хаалганы томилгоогоор очсон хүмүүс манай байгууллагын ажлыг урагшлуулах ямар ч чадваргүй. Үүнийг манай салбарынхан доромжлол гэж хүлээж авч байгааг нуугаад яахав. Тэдний таашаалыг хангадаг байгууллага бол Шүүх шинжилгээний байгууллага биш. 

Төв хүрээлэнд ч ийм “арын хаалганы” томилгоо бий. Төрийн хамгаалалтын албанд байсан Н.Ганбаяр гэх этгээд өмнө нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын дэд даргаар ажиллаж байна ш дээ. Зүгээр л төрийн хамгаалалтад байсан хүн манай салбарт орж ирээд л цол өсгөж байна. Манай энэ Шүүх шинжилгээний байгууллагын удирдлагууд дотор бүрэн бий тийм “арын хаалганы” томилгоонууд. 

-Та эдгээр томилгоог эсэргүүцэж төв байгууллагадаа хандсан уу?

Миний хувьд энэ удаад ч биш ер нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гэх төв байгууллагадаа албан захидал явуулж байсан. Захидалдаа би шагнал урамшуулал гэх тоглоомоо анхаарахыг удирдлагууддаа сануулсан. Жишээлбэл би 38 жил төрд ажиллаж байгаад Цэргийн гавъяаны улаан тугын одонгоор шагнагдаж байв. Гэтэл өнөөдөр долоохон жил ажиллаад л арын хаалгаар авчихлаа. Ийм л болчихлоо. 

                        ХҮНИЙ ГОМДЛЫГ ҮНЭЛЖ,ДҮГНЭЖ БАЙГААГ ЯРИХЫН Ч ЭЦЭСГҮЙ

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлагуудыг бас улс төрийн томилгоотой гэж бодож байна уу?

Өмнө нь криминалистик, шүүх эмнэлэг, эдийн засгийн шинжилгээ гэх салбарууд тус тусдаа бие даасан бүтэцтэй байв. Эдгээрийг 2007 онд нийлүүлж бүтэц орон тооны шинэчлэл хийж Шүүх шинжилгээний үндэсний төв гэх энэ байгууллагыг байгуулж байсан түүхтэй. Ийнхүү шүүхэд дүгнэлт гаргаж өгөх чадвар бүхий байгууллагуудыг нийлүүлж эхлээд төв, дараа нь хүрээлэн болгож нэрийг нь өөрчилсөн. Эдийн засгийн шинжилгээ хийдэг байгууллага нь Сангийн яамны дэргэд Нягтлан бодох товчоо гэж байсан. Шүүх шинжилгээний дүгнэлт гаргадаг байгууллага нь ЭМЯ-ны дэргэдэх Шүүх эмнэлгийн товчоо гэж байв. Криминалистикийн шинжилгээ гаргадаг байгууллага манай цагдаагийн байгууллагын дэргэд криминалистикийн хэлтэсийн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байв. Ингээд сайхан хөгжих нь гэж бид бүгд хүлээлттэй байсан ч бүх зүйл өөрөөр эргэсэн. Үүн дотор хүний гомдолыг үнэлж дүгнэж байгаа, ажил үнэлж байгааг ярихын ч эцэсгүй. 

Энэ бүхэн дөрвөн жил тутам “арын хаалганы томилгоо”-гоор ирсэн хачин хачин хүмүүсийн цуглуулгын л гай. Жишээлбэл хамгийн анх манай хүрээлэнгийн тэргүүн дэд захирлаар ЗХУ-ын Волгоград хотод криминалистикийн чиглэлээр боловсрол эзэмшсэн яг л мэргэжлийн Ч.Алтанхишиг гэх дарга томилогдсон. Дараа нь Ардчилсан намынхан төрд манлайлаад энгийн нэг хувийн сургуулийн захирал байсан хүнийг удирдлагаар томилсон. Дараагийн дөрвөн жилд бүр хорихын дарга байсан бригадын генерал Д.Батжаргалыг томилсон. Хориход хоригдол хянаж байсан хүн шүүх шинжилгээний чиглэрээр “А” ч үгүй хүн  байсан шүү. Тэр хүн өнгөрдөг дөрвөн ажилд манай салбараар тоглож байгаад буусан. Одоо байгаа шинэ томилогдсон захирал Цагдаагийн байгууллагаас угшилтай Д.Ядамдорж гэж хүн бий. Миний удирдлагад байсан хүн учраас бид түүнийг мэдэх ч хийж хэрэгжүүлж байгаа ажил, үйлдэл нь холион бантанг нь хутгаж байна. Хүрээлэнгийн захирал бол эрх мэдэлгүй юм билээ. Би асуудлыг олон тавьсан. Намайг тэтгэвэртээ гарсаны дараагаар Ховд аймагт мэргэшсэн, бэлтгэгдсэн өөрийн оронд томилогдож ажлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэх чадвартай, бүх шалгуурт нийцсэн хүний нэрийг хүртэл өгсөн. Тэр бүү хэл өөр аймгуудад дээрхи шалгуурт нийцсэн ийм ийм залуус байна гэх мэдээллийг хүртэл өгсөн. 

ХУУЛЬЗҮЙН САЙДЫН ЭРХ МЭДЭЛ АРЫН ХААЛГАНЫ ТОМИЛГООГ ЗОХИЦУУЛАХАД ХҮРДЭГГҮЙ ЮМ БАЙНА

-Төрийн албаны зөвлөл хуулиа биелүүлэхгүй байгаа энэ үйлдэлд Хууль зүйн яамны зүгээс ямар хариулт өгсөн бэ?

Төрийн албаны зөвлөлийнхөн Хууль зүйн сайдад энэ асуудлыг танилцуулах үүрэгтэй. Гэхдээ тэдний эрх мэдэл энэ ар өврийн томилгоонд хүрдэггүй юм байна. АТГ-т албан тушаалд томилогдох хүмүүсийн судалгааг өгч байж манай бүх албан тушаалтануудыг хянасны эцэст томилгоо хийддэг. Энэ бүх шалгуурын хаагуур нь энэ чадваргүй, шалгуурт нийцэхгүй хүмүүс орж ирэв. Жигтэйхэн л Авлигатай тэмцэх газраас бүх хүмүүсийн материалыг хяналаа гэдэг. Гэтэл юуг нь хянаад сонгоод байгааг мэдэхгүй юм. 

-Шүүх шинжилгээний байгууллагад ажиллагсдыг мэргэшүүлэх сургалтууд ямар зарчимаар хийгддэг вэ?

Манай салбарт тусгай мэргэжил эзэмшсэн хүн ажилладаг. Криминалистикийн шинжээч гэхэд яг л тэр чиглэлээр сургууль төгссөн. Шүүх эмнэлгийн шинжээч гэхэд анагаахын сургууль төгсөөд, шүүх эмнэлгийн бүтэн сургалтад хамрагдаж байж ажилладаг. Эдийн засгийн шинжээч гэхэд л зам тээврийн ослын, компьютер, ай ти-гийн чиглэлээр мэргэшсэн байх. Сүүлд сар хүрэхгүй хугацааны өмнө экологийн дүн шинжилгээ хийхээр чиглэлийн анги шинээр байгуулагдаж байна. Тэд бүгд мэргэжсэн байдаг. 

-Төрийн албаны тухай хуулиар албан тушаалын тодорхойлолтод нийцээгүй хүн гэдгийг яаж тодорхойлж хэлээд байгаа вэ?

Шүүхийн шинжилгээний тухай хуулинд хэлтсийн дарга, албаны дарга, шинжээч, шинжээч эмч гэж хэн байх ёстойг тодорхой тусгасан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд бүхий л төрийн албан хаагчийн албан тушаалын зэргийг албан тушаалын тодорхойлолтоор батлагдахыг заасан. Энэ хуулийг сайд өөрөө баталдаг. Үүнийг л хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.  Албан тушаалын тодорхойлолтыг ингэж тогтоож батална, үүний дагуу томилно, хэрэв зөрчвөл ажлаас халах, нөлөөлсөн этгээдүүдийг ажлаас халах тухай нэг бүрчлэн заасан заалт бий.  

Өнгөрөгч нэгдүгээр сард Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн гарын үсэгтэй дээрхи шиг үг өгүүлбэртэй мэдэгдэл надад ирсэн байгаа. Энэ хуулиа л биелүүлээчээ гэж хүсэхээр байна. 

                             ТӨР БАЙГААГЫН ГОЛ ШИНЖ ХУУЛЬ БИЕЛЭГДЭХЭД ОРШИНО

-Та яагаад энэ бүхнийг ярихаар болов. 

Надад ямар ч ашиг сонирхол байхгүй. Хаяад явбал явна л даа. Гэтэл би чинь энэ төрд 100 жилийнх нь 42 жилд нь өдөр шөнөгүй, нойр хоолгүй мөрдэс зүүж зүтгэлээ. Төр байгаа гэж дүгнэх үү? Төр байгаагын нэг гол шинж нь хууль биелэгдэж байх шүү. Хэн нэгний хүсэл зорилгоор хууль зөрчдөг тогтолцоо цэвэр ариун төр байгаагын шинж биш. Энэ бол төрийн дампуурал. Тоглоомын засгийн газрын гай. Манай шүүх шинжигээний салбарт ажиллаж амьдарч байгаа 500,600 хүнийг доромжилж байгаа үйлдэлийг зүгээр хараад сууж чадахгүй нь. Тэднийг дэвшиж урамшиж, хууль дээдэлж ажиллах хүсэл тэмүүлэлгүй болгож, хорлож байна. Өдгөө 7 аймгийн шүүх шинжилгээний байгууллагын удирдлагуудын томилгоог харахад хууль бус хийгдэж байгааг тэд хараад л сууж байгаа. Хэлэх гэхээр дарамталдаг. Тэдгээр эрх мэдэлтэй хүмүүс нь энэ хэвээр томилсоор, үргэлжлүүлсээр байвал үнэндээ над мэтийн хүмүүс ингэж явахгүйд хүрнэ. Хүч хүрэхгүй. 

-Амьдралынхаа тодорхой хугацааг энэ салбарт ажилласан хүний хувьд таныхаар шүүх шинжилгээний байгууллагын удирдлагад ямар хүн тэнцэх вэ?

Шүүхийн шинжилгээний тухай хуулинд тодорхой заасан байдаг. Шүүхийн шинжилгээний ажилтан гэж тангарга өргөсөн, өөрийн мэдлэг, мэргэжлийн дагуу шинжилгээг үнэн зөв гүйцэтгэх гэх мэтээр заасан. Өмнөх Шүүхийн шинжилгээний байгууллагын тухай хууль батлагдаж хэрэгжээд 10 гаруй жил өнгөрлөө. Одоо манай салбарт эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. Гэхдээ миний бодлоор ярьвал их зүйл байгаа ч товчхондоо хэн нэгнээс хараат бусаар, төрийн өмнө шүүхийн шийдвэр гаргах түвшинд өөрийнхөөрөө дүн шинжилгээг гаргаж чадах, мэргэшсэн, мэдлэгтэй, өргөсөн тангарагтаа үнэнч, төрийн тусгай албан хаагч байх ёстой. Энэхүү төрийн тусгай албан хаагч маань хийсэн бүтээсэн, ажилласан жилээрээ чадавхийн буюу мерит зарчимаар дэвшиж, амьдрал нь дээрдэх шударга тогтолцоотой байх ёстой. Түүнээс 20 жил төрд зүтгэсэн хүний өмнүүр хоёрхон жил ч ажиллаагүй арын хаалгачин удирдлагаар томилогдох нь манай салбарын ялзралыг илтгэнэ. Энэ бол яагаад ч болохгүй зүйл.

-Таны ярьж байгааг сонсохоор туйлын үнэн байх үүрэгтэй шүүх шинжилгээний байгууллагад ийм асуудал байна гэхээр үнэхээр үл итгэл төрж байна. 

Үнэн байхдаа бүр прокуророос илүү үнэн байх ёстой байгууллага шүү дээ. Бид чинь даргаас шалтгаалахгүйгээр дүгнэлт гаргаж ажилладаг. Гэтэл дарга нь юу ч мэдэхгүй хүн ирээд удирдана гэхээр гутамшиг биз дээ. 

- Гэхдээ энэ бүхэн нэг л өдөр ийм түвшинд хүрээгүй шүү дээ. Таныг тэтгэвэртээ гарлаа гээд гэнэт ярьж эхэлж байна уу гэж хардахаар.

Үгүй шүү. Эд нарын ганц ад үздэг хүн нь би болсон. Ер нь Цэрэндорж гэж хүн хэн бэ гэдгийг миний ажиллаж байсан газар бүрт,  олон шавь нар маань ч мэднэ. Би чинь Цагдаагийн академийн багшаар ажиллаж байсан. Насан туршдаа шударга үнэний төлөө зүтгэж, тэмцэж явна.  Цаашид хэлж ярьсаар ч байх болно. Энэ хүрээлэнгийн бугшсан асуудлыг зөндөө л ярьсан. Сүүлд бичсэн албан захидалдаа... Та нар энэ хүрээлэнгийн дэргэдэх захирлын зөвлөлийн гишүүнээр 10 гаруй  жил суулаа. Цаашид хэдэн жил энэ салбарт ажиллаж байгаа зуу, зуун залуусаар тоглож, доромжлох вэ? Даргын дэргэдэх зөвлөл бол хэнийг ажилд авах уу? Хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг шийддэг цөөнх. 

-Тань шиг нэгнийг гадуурхаж дарамталдаг уу?

Би ч тоолгүй үзэлцсээр ирсэн. Цаашид ч зүгээр суухгүй. Болохгүй бол шүүх шинжилгээний алба хаагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон нийтийн байгууллага байгуулаад ч явж чадна. 

                   ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ХУДАЛ ДҮГНЭЛТ ГАРГАСАН

-Ахиад асууя. Үе үеийн шүүх шинжилгээний дарга нар улс төрийн намын томилгоо нөлөөлдөг гэж үү?

Ер нь тийм.  Миний бодлоор энэ хуулинд өөрчлөлт оруулмаар байгаа. Шүүх шинжилгээний байгууллага бол шүүх, прокурорын байгууллагатай адил хэн нэгэн, дуртай нэгнээ шургуулдаг байж болохгүй. Дор хаяж прокурорын байгууллагатай эн тэнцэнхүйц статустай байх нь зөв. 

Түрүүчийн дөрвөн жилд 60 тэрбумын хэрэг, цагаан суваргын хэрэг, УИХ-ын гишүүний хүчингийн хэрэг гээд нийтэд ил болсон хэргүүд байна. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэргийн хувьд улаан цайм худал дүгнэлт гаргасан гээд Тусгай шинжилгээний газрын дарга 4 жилийн ял аваад эдлээд сууж байгаа гэх жишээний. Иймэрхүү булай асуудлаас хөндий байж чадвал шударга үнэнийг тогтооно. 

-Энэ бүх асуудлыг зохицуулахын тулд улс төрийн томилгоо, ар өврийн хаалга танай салбарт үүрэлсэн үү?

Би УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тухай шууд хэлнэ. Түүний хувьд Ховд аймгийн Манхан сумын хүн бол хүн, өнчин ишиг ч байсан авч өгнө. Бусад хүн юу ч биш. Ямар ч чадваргүй хүн Жаргалант сумын засаг дарга болно. Бүр инээдмийн үйлдэлүүд хийгддэг. Монгол ардын нам төрд олонхи байгааг хэлэх үү манай Ховдод бүх зүйл тэдний мэдлийнх гэж хэлж болно. Сая МАН-ын 100 жил гээд хичнээн хог тараасан гээч. Хөөрхий малчдад одон медаль шиг 100 жил гэх тэмдэгийг аавд нь, ээжид нь, хүүхдүүдэд нь бүгдэд нь өгөөд гэрээрээ дүүрэн 100 жил гэсэн тэмдэг зүүж энгэртээ гялтгануулсан хүмүүс Ховдоор нэг байна даа. Онигоотой. 

- Манай редакцид ирж асуудлыг ний нуугүй ярьсан таньд баярлалаа. 

 

                                                                                                                                        Ярилцсан: Сэтгүүлч Б.Ариунтуул

 

Хаха 4 3 Таалагдсан 2 Гунигтай 4 Нүдний булай 9 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 45