Д.Өнөрзул


Засгийн газар Авлигын индексийн оноог нэмэгдүүлэхээр зорьж байна

hi

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа нэгэн онцлог шийдвэр гаргасан нь авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийн үзүүлэлтийг сайжруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулсан явдал юм.

Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан бөгөөд эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн “Авлигын төсөөллийн индекс”-ийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарлажээ. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой ижил оноотой боловч 5 байраар ухарсан үзүүлэлт болж байгаа аж. 

Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарчээ. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна. 

Иймээс Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж, үүний хүрээнд Ажлын хэсгийг байгуулжээ. Шинээр байгуулсан ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг хийх юм.

Засгийн газрын ажлын хэсгийн анхны хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр болсон бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар авлигын эсрэг чадах бүх зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэж мэдэгдсэн юм. Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай болох шаардлагатай байгааг онцолжээ. Манай улсад авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгааг ч хэлсэн. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутмаг байгааг Ерөнхий сайд дурдаад “Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй” гэв.

Энэ үйл явдлыг хэвлэлүүд “Монгол Улс авлигыг жигших нийгмийн шинэ соёлтой болох гараанаас хөдөллөө” хэмээн онцлон мэдээлж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0