
Улсын дээд шүүх С.Эрдэнийн нэрийг сэргээх өргөдлийг буцааж, Ө.Шижирийг АН-ыг төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэсэнгүй
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.
Тус хуралдаанаар Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас өмнө гаргасан тогтоолуудад заасан зөрчил арилаагүй хэвээр байна гэж үзэж, хүсэлтүүдийг тус тус хангахгүй, бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.
1. Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас:
2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Эрдэнэ мөн болохыг ... баталгаажуулан Улсын дээд шүүхэд уламжлахаар шийдвэрлэсэн” гэж, “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэх талаар”;
2. Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, П.Нүрзэд, Б.Ган-Очир нараас:
2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуралдан, тус намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт /оруулсан/, мөн... Ардчилсан намыг тодорхой хугацаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг Ө.Шижирт олгосон... Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийж өгнө үү ...”
гэх өргөдөл, хүсэлтүүдийг хүлээн авч Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй хэмээн үзэж бүртгэхээс татгалзжээ.