Х.Амгалан


"Тамгагүй төр" жүжгийг Английн "West end"-ийн театрт тоглохоор болжээ

hi

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Тамгагүй төр” жүжгийг 2023 онд Английн театрын төв West End-д тоглох бэлтгэл ажил амжилттай явагдаж байна. Энэхүү жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулах юм.

“Херо энтертайнмент” нь Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшн, Британийн “Wild Yak” продакшнтай хамтран уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг боловсруулахаар ажиллаж байна. “Wild Yak” продакшн нь Лондонгийн West End болон бусад хотын алдартай театруудад олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг толилуулдаг туршлагатай продакшн юм.

“Wild Yak” продакшны продюсер Оливер Кинг, Гай Чапмен, Пол Годфрий нар 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад ажиллаж, “Тамгагүй төр” жүжгийг үзэж, найруулагч Б.Баатар, продюсер М.Есөнмөнх болон жүжигчидтэй уулзсан бөгөөд уран бүтээлийн чанар чансааг өндрөөр үнэлсэн.

Найруулагч Б.Баатар энэ оны 9 дүгээр сард Лондон хотноо ажиллаж, “Тамгагүй төр” жүжгийг тавих боломжит театруудаар зочлон “Wild Yak” продакшнтай ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа. “Тамгагүй төр” жүжгийг англи хэлээр найруулахаар ажиллаж буй судлаач Жон Мэн, жүжгийн зохиолч Тимберлик Уэртенбэйкер нартай уулзаж, уран бүтээлийн яриа өрнүүлэв. Судлаач Жон Мэн нь Монголын түүх, Монголын эзэнт гүрний хаадын талаар олон арван ном бичсэн зохиолч юм.

Найруулагч Б.Баатартай уулзсан Британийн продюсерүүд, зохиолчид, театрын мэргэжилтнүүд “Тамгагүй төр” жүжгийг өндрөөр үнэлж, Лондонгийн West End-д амжилттай тавигдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0