
“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолт талбайн эзэн Катар болон Эквадор улсын шигшээ багуудын хооронд өрнөж, 2:0-ээр зочин баг хожиж бүтэн сар үргэлжлэх хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн тэмцээний салхийг хагаллаа.
Тус тоглолтын 16, 31 дэх минутад Өмнөд Америкийн төлөөлөл Эквадорын багийн мэргэн бууч Эннер Валенсия хоёр удаа гоол хийж багтаа хожил авчирсан юм. Мөн ДАШТ-ий шигшээ тэмцээнийг зохион байгуулагч улс нээлтийн тоглолтод анх удаа хожигдсон тохиолдол юм байна.
Өмнөх 21 удаагийн ДАШТ-д зохион байгуулагч улс 16 удаа хожиж, таван удаа тэнцэж байсан түүхтэй аж.
Гоол: Валенсия, 16 дахь минут. Валенсия, 31 дэх минут
Шар хуудас: Альшиб, 15, Алмоез, 22, Будиаф, 36, Афиф, 78— Кайседо, 29, Мендес, 56.