
Банкны салбарын 2022 оны гуравдугаар улирлын тайланг Монголын Банкны Холбоо https://mba.mn/ сайтдаа нийтэлжээ.
Тайлангаас товчлон хүргэе. Тус тайланд мэдээлэснээр банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй, банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 хувиар нэмэгджэээ. Чанаргүй зээл нэмэгдэх төлөвтэй байна. Гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд валют нөөцлөх, валют хадгалах сонирхол өндөр байгаа нь төгрөгийн хадгаламж буурахад нөлөөлжээ. Орос-Украины асуудал болон цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан нийлүүлэлт, логистикийн хүндрэл нь манай улсын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцын түвшин өндөр хэвээр хадгалагдах гол шалтгаан болсон байна.
Мөн уул уурхай, тээврийн салбарын сэргэлт удаашралтай байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй хэдий ч үйлчилгээ, худалдаа, барилга болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт харьцангуй хурдан байгаа. Түүнчлэн Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах замаар эдийн засгаа тогтворжуулах хэрэгцээ үүсэх дүр зурагтай байна гэж тэмдэглэжээ.
Иргэд хэрэглээний зээл түлхүү авч байна. Иргэдэд шинээр олгосон зээлийн хэмжээ нэмэгдэв. Банкнууд иргэдэд хэрэглээний зээл буюу цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээлийг түлхүү олгожээ.
2022 оны гуравдугаар улирлын байдлаар гадаад орчны тодорхой бус байдал, хэрэглээний үнийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн төгрөгийн хадгаламж буурчээ.
Иргэд гадаад орчны тодорхой бус байдлаас үүдэлтэй валют хадгалах, нөөцлөхийг ихэд сонирхож байна
Гадаад орчны тодорхой бус байдлаас үүдэлтэй валют хадгалах, нөөцлөх сонирхол иргэдэд их байна. Иргэд хадгалахаас илүүтэйгээр хэрэглэх сонирхол өндөр байна. Төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж инфляцаас шалтгаалан буурсан нь иргэдийн төгрөгийн хадгаламж буурахад нөлөөлөө.
Хадгаламжийн хүү нэмэгдэх хандлагатай байна. Төв банкнаас гадаад, дотоод эдийн засгийн нөхцөлд үүсэж буй тодорхой бус байдлаас шалтгаалан бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь хадгаламжийн хүүг аажмаар нэмэгдэх хүлээлтийг бий болгож байна.
Банкны системийн нийт актив 2021 оны мөн үеэс 500 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Голомт банкны актив 11% - иар өсжээ. Харин Худалдаа, хөгжлийн банкны актив 5% - иар буурсан байна.
Банкны салбарын нийт эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хаан банкны эх үүсвэр 0.4 их наяд төгрөгөөр, Төрийн банкны эх үүсвэр 0.2 их наяд төгрөгөөр буурчээ. ХХБ, Голомт болон Хас банкны эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгджээ.
Банкнуудын хөрөнгийн өгөөж хадгаламжийн өгөөжөөс хоёр дахин их байна. Системийн нөлөө бүхий банкнуудын өөрийн хөрөнгийн дүн 4.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн гэж тус тайланд тодотгон тайлбарлажээ.