
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оныхоос 767.3 (36.4 хувь) сая ам.доллароор нэмэгдлээ.
Энэ өсөлтөд барааны худалдааны алдагдал өмнөх оныхоос 263.2 сая, үйлчилгээний худалдааны алдагдал 661.6 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Урсгал дансны алдагдал 2022 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 189 сая ам.доллароор өсөж, 195.3 сая ам.доллар болжээ.
Үйлчилгээний худалдааны орлого 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 тэрбум, зарлага 3.4 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оныхоос 265.3 сая, зарлага 926.9 сая ам.доллароор нэмэгдэв. Үйлчилгээний худалдааны алдагдал 2022 онд өмнөх оныхоос 661.6 сая ам.доллароор нэмэгдэж, 2.3 тэрбум ам.доллар болжээ.
Төлбөрийн тэнцэл 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 727.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оныхоос 505.6 сая ам.доллароор өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Мөн 12 дугаар сард 469.7 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх сарынхаас 307.1 сая ам.доллароор өсжээ.