Б.Ариун-Уянга


Л.Энх-Амгалан: Хөл хорионы дараа 12 дугаар ангийн сурагчдыг танхимаар давтлагад хамруулна

hi

УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын үед боловсролын салбарт хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээллээ. Тэрээр элсэлтийн шалгалт, их дээд сургуулиудын төлбөр болоод ЕБС-д шинээр элсэх 6 настанүудыг хэрхэх тухай болоод танхимаар хичээллэхтэй холбогдуулан мэдээлэл өглөө.

Тэрээр: “Ковидоос хамгийн их хохирч байгаа салбар бол манай боловсролын салбар.  Боловсролын салбар хохирч байна гэдэг нь эцэг эхчүүд, хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчид бүгдээрээ давхар хохирч байна гэсэн үг.

Саяхан Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар манай улс хамгийн их хөл хорио тогтоож, хичээл сургууль явуулаагүй орны тоонд орсон гэх судалгаа гарсан.

1-1,5 жилийг зүгээр хий хоосон алдсаны төлөөсөнд улс 6 их наяд төгрөгөөр хохирно

Тооцоо хийгээд үзэхэд нэг улиралд дунд сургууль 80-90 хоног танхимаар хичээллэх ёстой. Гэтэл өнгөрсөн оны хичээлийн жилд хүүхдүүд танхимаар хичээллэх хичээлийнхээ 50 хувийг орж чадаагүй, бүхэлдээ теле хичээл үзсэн. Энэ онд хичээл сургууль бараг орсонгүй. Өнгөрсөн хугацаанд 1-1,5 жилийг зүгээр хий хоосон алдчихлаа гэсэн үг юм. Үүнээс үүсэх хохиролыг тооцвол манай улс ирэх 10 жилд хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хохирол амсах тооцоо гарсан. Үүнийг төгрөгт шилжүүлж тооцвол зургаан ихнаяд  төгрөг болж байгаа.

Бүх их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг хөнгөлөх болон хойшлуулсан

Сургуулиудын сургалтын төлбөрийн тухайд гэвэл бид “Цар тахлын үеийн хууль”-ийн дагуу бүх их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг хөнгөлөх болон хойшлуулах арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Төлбөр авдаг хувийн дунд сургуулиудын тухайд гэвэл тухайн сургуулийн хувьсах зардлыг өгөхдөө сурагчдаас авсан сургалтын төлбөрийг дараагийн жилд нь тооцож оруулах шаардлагыг тавьж, оюутан сурагчдыг ямар нэгэн төлбөр барьцаалж хичээл сонголт хийх болон кредит тооцох эрхгүй болгож хөнгөвчилж өгсөн. Мөн 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй хувийн ЕБС-д хувьсах зардал огт олгоогүй. Хэрвээ энэ талаар ямар нэгэн гомдол санал байвал манай яамны веб сайт руу орж санал хүсэлтээ өгөх боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сард зохион байгуулахын тулд хөл хорио тавигдсаны маргаашнаас давтлага өгнө

Одоогийн байдлаар орон нутагт хоёр аймгийн 40 гаруй сургууль танхимаар хичээллээд явж байна. Энэ жилийн хувьд 12-р анги төгсөх гэж буй 34 мянган сурагч байгаа. Эдгээр сурагчдыг 3-р сарын 1-ээс  танхимаар давтлагыг нь хийлгэе гэсэн Засгийн газрын шийдвэр өмнө нь гарсан байсан. Харамсалтай нь саяын хөл хорионы улмаас энэ шийдвэр хэрэгжсэнгүй.

Тийм учраас одоо бид Засгийн газрынхаа энэ шийдвэрийг харж байгаад хөл хорио тавигдсан өдрийнхөө маргаашнаас эхэлж 12-р ангийн сурагчдыг танхимаар давтлага хийх, мөн элсэлтийн шалгалтандаа бэлдэх боломжийг нь гаргаж өгнө. Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сард зохион байгуулна.

Ихэнх хүүхдүүд дэлгэцийн хэт их хамаарлаас үүдэн маш их ядарсан байна

Мөн Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар хэд хэдэн уулзалт зохион байгуулж, энэ чиглэлээр шийдэл гаргах ажлын хэсгийг байгуулсан. Өнөөдөр хамгийн гол санаа зовоож байгаа зүйл бол ихэнх хүүхдүүд  дэлгэцийн хэт их хамаарлаас үүдэн ядарсан байна. Одоогийн байдлаар бид теле хичээл гаргах өдрийг багасгаж таван өдөр байсныг дөрвөн өдөр болгосон. Цаашдаа бид танхимын болон теле хичээл гэсэн хосолсон байдлаар хичээл сургалтыг явуулахаар судалж байгаа. Бид хоёр сард Засгийн газраар оруулж хичээлийн хоцрогдол нөхөх үндэсний хөтөлбөрийг батлуулахаар чиглэл авсан. Удахгүй бид энэ дөрвөн сардаа багтаж Засгийн газарт үндэснийхээ хөтөлбөрүүдийг батлуулна. Тэгэхээр энэ хоцрогдол бол зөвхөн нэг улиралаар нөхөх хоцрогдол биш, гурван жилийн хугацаанд энэ хоцрогдлыг нөхөх ёстой.

ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг ирэх 8 дугаар сард бүртгэж эхэлнэ

Зургаан настнууд буюу нэгдүгээр ангид орох сурагчдыг бид ирэх 8-р сард бүртгэхээр төлөвлөж байгаа. Тийм учраас эцэг эхчүүд энэ асуудалд санаа зовж, яарч тэвдэх, ямар нэгэн сургуульгүй үлдэж магадгүй гэсэн асуудал огт байхгүй гэж ойлгох хэрэгтэй” гэв. 

Хөл хорио дуусахаас өмнө багш ажилчидаа 100 хувь вакцинд хамруулна

Багш нарыг дархлаажуулалтад хамруулах ажлын тухайд бол өнөөдөр нийслэлийн хэмжээнд 34780 багшийг вакцинд хамруулаад байна. Мөн өнөөдрөөс эхлээд хоёрдахь тунг хийгээд явна. Ямар ч байсан бид энэ хөл хорио дуусахаас өмнө багш ажилчидаа 100 хувь вакцинд хамруулж, хичээл сургалтанд бэлдэх ажлыг зохион байгуулахаар зорьж ажиллаж байна. 

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх