М. Учрал


“Ялгуусан” ХХК-ийн ажилчид нэгнээ зам индүүдэгч машинаар индүүдэж хөнөөжээ

hi

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хэсгээр тавигдаж буй Нарны зам дээгүүрх гүүрэн байгууламжийн үргэлжлэл болох баруун урсгалын авто замын хучилтын асфальт бетоныг нягтаршуулах ажлыг гүйцэтгэж байсан “Ялгуусан” ХХК-ийн ажилтан зам засварын индүүдэгч машинаар нэгнээ индүүдэж хөнөөсөн хэрэг 2021.07.27-ны өдөр болж хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хянаж байна.

“ЯЛГУУСАН” ХХК ОСЛЫГ НУУН ДАРАГДУУЛЖ БАЙНА

Талийгаач тус компанид багагүй хугацаанд ажилласан 40 орчим насны хүн байсан гэдгээс өөр хариултыг хэн ч өгөхгүй хэргийг нууж байгаа юм. Энэ тухай Цагдаагийн байгууллагаас лавлахад “ хянаж байгаа хэргийн талаар хамаагүй ярьж болохгүй” гэх утгатай хариулт өгч булзаарууллаа.

Замын индүүлэгийн авто машин маш удаан хурдтайгаар урагшилдаг байтал хүн индүүдлэгт орж дайруулсан гэхээр тус авто замын ажлыг гүйцэтгэж буй “Ялгуусан” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлын норм дүрмийг баримтлаагүй нь илт.

Эрдэнэт хүний амь эрсдэж осол гарсан шалтгааны талаар тодруулахаар “Ялгуусан” ХХК-ийн 990472XX гэх дугаарт холбогдоход…бид хүнээ алдаад бүгд сэтгэлзүйн хүнд байдалтай байна. Хэргийн тухай наана нь ямар ч зүйл ярих сэтгэлзүйн бэлтгэл алга, энэ асуудлыг дэвэргэмээргүй байна. Та бүхэн ингэж бусдын анхаарлыг энэхүү асуудалд татах шаардлагагүй. Би нэр усаа хэлэх ч шаардлагагүй… гэж бухимдав.

ӨМНӨ НЬ ЭНЭ ХЭМЖЭЭНИЙ ОСОЛ ГАРЧ ИНЖЕНЕР НЬ ЯЛ АВЧ БАЙВ

2018 онд А0202 Мандалговь-Даланзадгад чиглэлийн замын ажил хийж байхдаа мөн л индүүдэгч машинтай холбоотой осол гарч тус компанийн инженер шүүхээс ял авсан байдаг. Уг асуудалд явж байсан өмгөөлөгч нь одоогоор тус компанийн хуулийн асуудлыг хянадаг бөгөөд өнгөрсөн хэргийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал учир тус төслийн инженер хуулийн дагуу хариуцлага хүлээж компанийн удирдлагууд хариуцлага хүлээгээгүй гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

ОСОЛ БОЛСОН ХЭСЭГТ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР БАЙСАНГҮЙ

Замын ачаалал багасахаар шөнөөр ажилладаг зам засварынхан хөдөлмөрийн аюулгүй  ажиллагааг баримтлахгүй бол эрсдэлтэй. Ажилчид нойр дутуугаас анхаарал болгоомж алдаж ийнхүү осол гаргах өндөр эрсдэлд ордог аж.

Хэрэг гарсан авто замын ажлын ойролцоо гүүрний доод хэсэг тул гэрэлтүүлэг хангалтгүй, аюулгүй ажиллагааны хэрэгслүүд ч хангалтгүй байв.

Ажилчдаа түр байршуулж буй чингэлэг нь навсайсан, дотор нь хоолтой аяга таваг хөглөрсөн байдалтай. Цуйвангийн үлдэгдэл хятадын хуванцар том аяганд харагдана. Унтаж амрахад зориулагдсан юм уу гэлтэй хир даг болсон хэдэн хөнжил, даавууг нааран дээр зассан байв. Ажлын байрны аюулгүй ажиллагааны заавар, зөвлөгөө сануулга ч тухайн ажил гүйцэтгэх орчимд харагдсангүй.

Тухайн хэргийг үйлдсэн гэх ажилтан нь индүүдэгч машины операторын мэргэжлийн үнэмлэх хангасан мэргэшсэн хүн байсан уу, ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвартай хүн байсан уу зэрэгт хариулт өгөхөөс тэд татгалзав.

Хүн саад байгаа эсэхийг анхаарч бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх талаар тус компанид мэдэх хүн байхгүй бүгд л мөрөө хавчин асуудлаас зайлсхийж байв.

 
Зам засварыг гүйцэтгэж байсан ажилтан индүүдлэгийн машинд дайруулж амиа алджээ

Гэмт хэрэг: Шинэ гүүрний зам засварыг гүйцэтгэж байгаа "Ялгуусан" ХХК-ийн ажилтан индүүдлэгийн машинд дайруулж амиа алджээ

Posted by ТУГ.мн on Tuesday, July 27, 2021

“ЯЛГУУСАН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.САНЖААДОРЖ ӨНГӨРСӨН ОНООС АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙГАА

 Үндсэндээ ийм байдалтайгаар ажилладаг “Ялгуусан” ХХК 2018 оноос зам засварын ажлын тендерүүдэд түлхүү оролцож хэд хэдэн ажлыг авсан байдаг ч “хэл ам” тасардаггүй. Тус компанийн захиралаар ажилладаг Л.Санжаадорж нь одоогоор Авлигатай тэмцэх газарт Зам тээврийн сайд асан Д.Ганбатад 200 сая төгрөгийн авлига өгсөн хэргээр шүүхээр орж одоогоор хэрэг нь Нийслэлийн прокурорт мөрдөн байцаалтад буцсанаар хянагдаж байгаа аж.

“Ялгуусан ХХК нь замын тендер авч ажлын гүйцэтгэлийн явцдаа төсвөө нэмэгдүүлдэг. Ийнхүү нэмэгдүүлэхдээ албан тушаалтнуудад авлига өгдөг байж болзошгүй тухай шалгагддаг.

ЭРТНИЙ ТҮҮХТЭЙ “БУДЛИАНТАЙ” КОМПАНИ

“Ялгуусан” ХХК нь зам гүүр, зам засвараас гадна ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр ажилладаг. Бүр өмнөх түүхийг нь сөхвөл 1996 оноос Н.Лхагвасүрэн гэх захиралтайгаар замын ажил дагнан гүйцэтгэсээр иржээ. Авто зам барилга, үйлдвэрлэл, зураг төслийн чиглэлээр 1993 онд “Ялгуусан” ХЭАА нэртэйгээр байгуулагдаж худалдаа үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бөгөөд 1997 онд “Ялгуусан” ХХК болж өргөжиж авто замын материал үйлдвэрлэл, зам барилга, засвар, зураг төсөл тохижилтын ажил гүйцэтгэж ирсэн байна.

2013 онд БЗД-ийн нутаг дэвсгэрт зүүн дөрвөн замаас Ботаникийн эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх явцдаа замын дундах ногоон байгууламжийг сүйтгэж байсан тухай нийтлэл мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа гарч байсан. Мөн 2017 онд өнөөгийн Хууль зүйн сайд Х.Нямбаатар СХД-ийн 26 дугаар хороонд дайрга олборлолттой холбогдуулж шөнө оройн цагаар тэсэлгээ хийж, том оврын машинаар дайргаа зөөвөрлөж иргэдийн амгалан тайвныг алдагдуулдагтай холбогдуулан уулзаж, нөхөн сэргээлт хийдэггүй тухай нь тус дүүргийн цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан шалгалт хийж байжээ.

Ийм хариуцлагагүй компани олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газарт уг ажлыг гүйцэтгэж эрдэнэт хүний аминд хүрсэн асуудлыг манай сайт үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Б.Туул

Хаха 2 0 Таалагдсан 5 Гунигтай 4 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4