М. Учрал


Улсын хэмжээнд нэгдүгээр ангийнхны бүртгэлийг 100 хувь цахимаар явуулна

hi

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ. /2021.08.09/

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 718,817 хүүхэд элсэх урьдчилсан төлөвийг гаргасан. Энэ хичээлийн жилд өмнөх хичээлийн жилээс 38 мянга гаруйгаар хүүхдийн тоо өсөхөөр байна. Нийт өсөлт нь 5.6 хувь байна гэсэн үг.

Ойрын жилүүдэд ЕБС-д суралцах хүүхдийн тоо ойрын жилүүдэд өсөх хандлагатай байна. Энэ хичээлийн жилд бага ангийн хүүхдийн тоо өмнөх хичээлийн жилээс 21.6 мянгаар нэмэгдэж, бага ангид 378.5 мянга хүүхэд суралцана.

ЕБС-д жил болгон 75-80 мянган хүүхэд элсэж байна. Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймагт энэ жил 3,000-аас дээш хүүхэд элсэх бол бусад аймагт 1,000-2,000 хүүхэд элсэх юм.

Энэ онд улсын хэмжээнд нэгдүгээр ангийнхны бүртгэлийг 100 хувь цахимаар явуулна. Өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол тухайн харьяа боловсролын газрын дарга нар эрхийнхээ дагуу улсын бүртгэлийн мэдээллийн системээс зургаан настнуудын мэдээллийг авч, хамран сургах тойргийн хүрээнд харьяа сургуульд нь хуваарилж байгаа.

Өөрөөр хэлбэл хүүхдүүд хаягийнхаа дагуу харьяа сургуульдаа наймдугаар сарын 16-н гэхэд хуваарилагдаж дуусна. Үүнээс хойш эцэг эх, асран хамгаалагч нь системд нэвтэрч бүртгэлийг баталгаажуулснаар сургууль нь анги бүлгийг хуваарилна" гэлээ. 

БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат: "Энэ хичээлийн жилийн элсэлтийг эцэг эхэд зориулсан parent.edu.mn системийн тусламжтайгаар цахимаар зохион байгуулна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд нэгдүгээр ангид элсэлтээ цахимаар бүртгүүлж болно.

80,628 хүүхэд улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх бөгөөд нийслэлд 40,330, орон нутагт 40,298 хүүхэд нэгдүгээр ангид суралцана. Хамгийн олон элсэгчтэй нь нийслэлийн хувьд Баянзүрх дүүрэг бөгөөд 10,068 хүүхэд байгаа бол орон нутагт хамгийн олон элсэгчтэй нь Хөвсгөл аймаг бөгөөд 3,025 хүүхэд элсэх юм. 

Хамран сургах тойргийн мэдээллийг гаргаж, системд оруулах ажил явж байгаа. Үүний дараа хамран сургах тойргийн дагуу бүх зургаан настай хүүхдүүдийг сургуулиуд руу хуваарилж өгнө. Энэ ажил наймдугаар сарын 10-ныг хүртэл явагдана. Наймдугаар сарын 11-15-ны хооронд сургуулийн элсэлтийн комиссынхон элсэлтийн урьдчилсан бүртгэлээ хийнэ. 

Наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр нээлттэй болно. Ингэхээр эцэг эхчүүд тухайн систем рүү ороод хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах ажлыг хийнэ. Хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийхээр танай хүүхэд энэ сургуульд орох боломжтой, та зөвшөөрч байна уу, баталгаажуулах уу гэдэг мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Эцэг эхчүүд энэ мэдээллийг баталгаажуулна. Энэ баталгаажуулах хугацаа наймдугаар сарын 16-наас наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл байна. 

Сургуулиуд үүний дараа анги бүлэгт хуваарилах ажлаа хийнэ. Энэ ажил наймдугаар сарын 26-30-ны хооронд хийгдэнэ. Анги бүлэгт хүүхдүүд хуваарилагдаад эхлэнгүүт хүүхдийнхээ мэдээллийг баталгаажуулах үед бүртгүүлсэн утасны дугаарын дагуу танай хүүхэд ямар сургуулийн ямар бүлэгт хэн багшийн ангид орсон талаарх мэдээлэл очно.

Бүртгэлийн хэлбэрийн хувьд parent.edu.mn үндсэн систем, ESIS мобайл аппликэйшн болон тухайн сургуулиуд дээр бүртгэлийн комисс ажиллаж байгаа" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0