Б.Баяртулга: Ханбогд сумынхан олон улсын стандартаар цэвэршүүлсэн ундны ус хэрэглэх боломжтой боллоо

hi

Оюу толгой” компанийнхан өөрийн санхүүжилтээр 2013-2014 онд Ханбогд суманд ундны усны эрэл хайгуулын судалгааг хийж,  2015 онд Ханбогд суманд олон улсын стандартад нийцсэн, бүрэн автоматжуулсан Ус цэвэршүүлэх байгууламж барих шийдвэр гаргасан нь бүтээн байгуулалт болжээ.

Ханбогд сумын Ус цэвэршүүлэх байгууламжийн гүйцэтгэгчээр ажилласан “Заг” группийн ерөнхий инженер, уг төслийн менежер Б.Баяртулгатай ярилцлаа.

Говьд гадаргын усны нөөц бага, гүний усны нөөцтэй ихтэй гэж ярьдаг. Ус цэвэршүүлэх байгууламж баригдахаас өмнө Ханбогд сумынхан усаа хэрхэн авч, ямар ус хэрэглэдэг байсан вэ? 

Манай орны говийн бүс нутгийн ундны ус хатуулаг өндөртэй байдаг. Судалгааны үр дүнд газар доорхи усны чанар нь ундны усны стандартын (MNS900:2018) шаардлага хангахгүй нь тогтоогдсон тул цэвэршүүлэх шаардлага гарсан. Тэгэхээр энэ бүтээн байгуулалт нь Ханбогд сумын ард иргэд, ирээдүйн хойч үеийнхний эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулсан, цаг үе, нүдээ олсон шийдэл гэж харж байгаа. Өмнө нь Ханбогд сумын иргэд гүний худгийн түгээлтийн ус хэрэглэж байсан юм билээ. Зарим өрхүүд айлын хашаанд гаргасан худгаас ус авч, хэрэглэдэг байсан. Ойролцоогоор 10-17 метрийн гүнээс бүрэн цэвэр биш, эрдэсжилт өндөртэй ус хэрэглэж байсан. Харин ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноор иргэд нэг стандарттай цэвэр ус хэрэглэх боломжтой болсон. Ойролцоогоор 300-400 метрийн гүнээс усаа татаж, олон улсын стандартаар цэвэршүүлсэн ундны ус хэрэглэж байна. 

Хүн, малын хэрэглэж байсан ус эрдэсжилт өндөртэй байсан гэлээ. Тэгэхээр тухайн үед орон нутгийн иргэд ус цэвэршүүлэх байгууламж барих ажлыг хэрхэн хүлээн авсан бэ? 

Бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд захиалагч нь “Оюу толгой”, гүйцэтгэгч нь “Заг” компани гэхээс илүүтэйгээр орон нутгийн оролцоо маш өндөр байсныг хэлэх нь зүйтэй. Учир нь, тухайн орон нутгийн зүүн талаас нь баруун тал хүртэл нь газар доогуур томоохон шугам, хоолой татаж, газар шорооны ажил багагүй хугацаанд хийх нөхцөл үүссэн. Зарим айл, ААН-ийн үүдийг нь хааж шугамаа дайруулж тавих, гол зорчиж байгаа авто замыг хаах, нэвт ухалт хийх зэрэг олон хүндрэл бэрхшээлтэй ажлуудыг хийхэд тухайн орон нутгийн удирдлагууд, мэргэжилтнүүд,  ард иргэд, ААН-үүд нь маш нааштайгаар хүлээн авч, хамтран ажилласан. Бид нарыг ажлаа эхлэхээс өмнө тухайн орон нутгийн удирдлагууд ард иргэдээ ийм төсөл хэрэгжих гэж байна, ийм ач холбогдолтой гэдгийг маш сайн тайлбарлаж, ойлгуулсан байсан учраас Ханбогдын иргэн бүр бидний ажлыг дэмжиж ажилласан. Бид ажлаа эхэлснээс хойш ямар нэгэн хүндрэл гаргалгүй, нутгийн иргэдтэй ойлголцож ажилласнаар энэ төсөл маань амжилттай хэрэгжиж дуусан. Хэрвээ нутгийн иргэдийн дэмжлэг, оролцоогүй байсан бол магадгүй энэ төсөл хэрэгжихгүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нутгийн иргэдийн оролцоог онцлох нь зүйтэй.

Энэхүү ус цэвэршүүлэх байгууламж нь ямар дарааллаар ажиллах вэ. Жишээ нь, усны эх үүсвэрээс хаанаас татаж, хаана цэвэршүүлж, хаанаас хааш нь нийлүүлэх вэ?

 Хоёр гүний худгаас ус цуглуулах салбар шугамын тусламжтайгаар усаа татаж 1500м3 эзлэхүүнтэй түүхий усан санд хуримтлуулна. Ингээд түүхий усан сангаас ус цэвэршүүлэх байгууламжид орох бөгөөд энд цэвэрлэгээний технологийн дамжлагаар усаа цэвэршүүлэн, халдваргүйжүүлнэ. Ус цэвэршүүлэх байгууламж дотор байрлах өргөлтийн насосын тусламжтайгаар гол шугамаар усыг дамжуулан 2500м3 эзлэхүүнтэй цэвэрлэгдсэн усан санд усаа хүргэж, нөөцөлдөг. Уг сангаас хэрэглэгчдэд түгээх буюу Ханбогдын иргэдэд цэвэр ус түгээх сумын төвийн цагираг шугамд холбогдож, сум даяар түгээгддэг.

 Үндсэндээ бүх дамжуулах шугам газар доогуур хийгдсэн. Хоёр гүний худаг, уулан дээр байгуулсан усан сан,10 кВт-ын цахилгаан дамжуулах шугамыг барьж байгуулсан. Эдгээр бүх байгууламжийн хооронд мэдээлэл дамжуулах шилэн кабелийг холбосон. Байгууламжийн нэвтрэх системээс эхлээд бүх үйл ажиллагааны хяналтыг камераар хянана. Дээр нь байгууламжийг бүрэн хянах Скада системийг суурилуулсан. Энэхүү систем нь ард иргэдэд түгээгдэж байгаа усны хэрэглээд тохируулан усан сангуудын түвшинг операторын дэлгэцэн дээр харуулж, уг мэдээллийг үндэслэн үйлдвэрийн хүчин чадлыг тохируулан ажиллах боломжтой. Хэрэглээ бага үед бага хүчин чадлаар ажиллах горимтой.   

Ус хэмнэх горим ажиллана гэсэн үг үү? 

Байгууламжид бүрэн автоматжуулсан Скада систем суурилуулсан учраас хэрэглээнд тохирсон горимоор автоматаар ажиллана гэсэн үг. Тийм болохоор ашиггүй үйлдвэрлэл, ажиллах хүч, бусад урсгал зардлыг хэмнэж байгаа юм. Бүх зүйл автоматжуулсан болохоор олон хүн ажиллах  шаардлагагүй. 

Уг байгууламж хоногт 2500м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай гэлээ. Хүн амын өсөлтөөс хамаарч хүчин чадлыг өргөтгөх боломжтой юу, одоогоор сумын хэрэгцээг бүрэн хангаж байгаа юу? 

Одоогоор 13000 орчим иргэнийг ундны цэвэр усаар бүрэн хангах боломжтой. Цаашид хүн амын өсөлттэй уялдуулан ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 5200м3 болгон өргөтгөж, 32000 хүнийг цэвэр усаар хангах боломжтойгоор барьсан. Одоогоор ийм том хэмжээний хүчин чадалтай, бүрэн автоматжуулагдсан ус цэвэршүүлэх байгууламж говийн бүс, цаашлаад 21 аймагт ч байхгүй. Жишиг болохуйц бүрэн автоматжуулагдсан анхны ус цэвэршүүлэх байгууламж болсон.

Байгууламжийн аюулгүй байдал талаас нь олон улсын стандартыг хэр сайн хангаж барьсан бэ. Усны чанарыг хэрхэн яаж, шалгах вэ? 

Сумын нийт иргэдийг ундны усаар хангаж байгаагийн хувьд хамгийн чухал шаардлага бол усны чанар. Эрүүл ахуй, стандарт шаардлагад нийцэж байгааг шалгах тоног төхөөрөмжөөр хангагдсан бие даасан лабораторитой, мөн цэвэрлэгдсэн усан сан болон гүний худгуудыг хянах хяналтын системээр тоноглогдсон байгууламж юм. Ус цэвэр, аюулгүй байдал нь баталгаатай, олон улсын стандартад нийцэж байгаа. Ер нь бол Ханбогдынхон өнөөдөр олон улсын стандартад нийцсэн цэвэр усыг ундандаа хэрэглэх боломжтой болсон.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол

Түүнчлэн, Ханбогд сумын хэмжээнд нэгдсэн цэвэр бохирын систем нэгэн зэрэг ажиллаж эхэлсэн. Айлууд болон аж ахуй нэгжүүд төвийн цэвэр бохирын системд холбогдсон. Сумын хэмжээнд галын гидратуудыг гаргаж өгсөн нь Онцгой байдлын үеийн бэлэн байдал илүү сайжирсан. Цаашдаа сум орон нутгийн цаашдын тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлсэн  төсөл юм аа.

Хаха 13 6 Таалагдсан 10 Гунигтай 13 Нүдний булай 24 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0