Д.Өнөрзул


Уламжлалт уулзалтад оролцогсдын сэтгэгдэл өндөр байлаа

hi

Зэвсэгт хүчний Жанжин штабаас Хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай хийх уулзалтыг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлахад мэргэжлийн холбоод болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, тэдгээр байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад үйл ажиллагааныхаа үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгөх зорилготой юм. 

Уулзалтад ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд, төрлийн цэргийн командлагч нар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага, хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод болон байгууллагуудын удирдах ажилтнууд, сэтгүүлчдийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтын эхэнд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага, хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод, байгууллагуудын удирдах ажилтнууд, сэтгүүлчдэд талархаж байгаагаа илэрхийлж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэний нийгэмд сурталчлах, иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүн болоод энхийг сахиулагчдын гавьяа зүтгэл, улс орны бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмэр, бүтээлч ажлыг шуурхай сурвалжлан мэдээлэх, түгээх ажилд цаг ямагт хамтран ажиллаж ирсэн Та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ онд Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярыг нийт ард түмнийхээ баяр бахдалын баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэнэ. Энэхүү ойн хүрээнд энхийг сахиулагчдынхаа гавьяа зүтгэл, амжилт ололт, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах, эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт, олон улсын хурлыг өөрийн эх оронд зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн, Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал, олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” сургууль, олон улсын цэргийн наадмын хүрээнд “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулж явуулна. Эдгээр олон ажил, арга хэмжээг олон нийтэд нээлттэй хүргэх, сурталчлан таниулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцоллоо.

Үүний дараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа үг хэлж, өөрийн санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Энэхүү уулзалтын үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар, Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, идэвх зүтгэлтэй ажилласан 20 гаруй тэргүүний ажилтныг ЗХЖШ-ын “Жуух бичиг” болон дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0