Агроэкологийн мэдлэг олгох сургалт амжилттай явагдлаа

hi

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбараас зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Эрдэнэс Таван толгой” компани, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, “Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-той хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд 2022 онд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд нэгтгэл, ангиудын байршил, боломжид тулгуурлан бүсчилсэн байдлаар 9 газарт мод үржүүлгийн газрыг байгуулах, нэгтгэл, анги, салбар бүрд ногоон хотхоныг бий болгох, ХААИС-ийн Агроэкологийн сургуультай хамтран Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнтэй агроэкологийн мэдлэг олгох анхан, ахисан шатны болон сургагч багш бэлтгэх 3 шатны сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү агроэкологийн анхан шатны сургалтаар нийт бие бүрэлдэхүүнд модны төрөл, зүйлийг ялгаж таних, мод тарьж ургуулах, арчлах, хамгаалах, ойжуулалт хийх, ойг нөхөн сэргээх, агро-ойжуулалтыг хөгжүүлэх, ногоон байгууламжийг байгуулах онол, арга зүйн мэдлэг олгох бол ахисан болон сургагч багш бэлтгэх сургалтаар эдгээр ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвар, дадлагыг олгох юм.

Агроэкологийн анхан шатны 20 цагийн цахим сургалтыг 2021 оны 12 дугаар сард 10 хоногийн хугацаатай зохион байгуулсан бөгөөд офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат алба хаагч, ажилтнууд, тэдний гэр бүлийн төлөөлөл, ахмад дайчид зэрэг 2500 орчим хүн хамрагджээ.

Түүнчлэн ахисан шатны 60 цагийн цахим сургалтыг энэ сард 10 хоногийн хугацаатай зохион байгуулж, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбаруудын 250 гаруй алба хаагчийг хамруулаад байна.

Сургагч багш бэлтгэх онолын сургалтыг 2 дугаар сард цахимаар зохион байгуулах бөгөөд 4 дүгээр сард Төв аймаг дахь агропаркуудад дадлагажин цаашид Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын бие бүрэлдэхүүнд ойжуулалт, агро-ойжуулалтын талаар зөвлөгөө өгөх, зааж сургах, түгээн дэлгэрүүлэх, мэдээллээр хангах чадавхыг олгох аж. Ахисан түвшний болон сургагч багш бэлтгэх сургалтын хээрийн дадлагад оролцох алба хаагчдын томилолтын зардал, багаж хэрэгсэл, ажлын хувцсыг ЗХЖШ-аас нэгдсэн журмаар хангахаар төлөвлөсөн байна.

Сургалтад хамрагдсан алба хаагчид нэгтгэл, анги, салбартаа болон амьдарч буй орчиндоо мод тарих, ойжуулалт хийх, агропарк хөгжүүлэх замаар ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, эмийн ургамал, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, арчлан хамгаалж сурснаар экологийн эрүүл таатай орчинд амьдрахын зэрэгцээ эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангагдахын зэрэгцээ нэмэлт орлоготой болох боломжтой юм.

Зэвсэгт хүчний алба хаагчдад ойжуулалт, агро-ойжуулалтыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой чадавхыг олгосноор ойн сангийн таримал ойн талбайг нэмэгдүүлэх, зөв зохистой ашиглах, хамгаалах, хүнс, тэжээлийн нөөцийн эргэлтийг бий болгох, тухайн чиглэлийн ажлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах бололцоо бүрдэнэ.

Энэ нь Монгол Улсын Байгаль орчны салбарт цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж, жишиг ногоон байгууламж болон агро-ойн аж ахуйн системийг Батлан хамгаалах салбарт хөгжүүлэн улмаар хөгжлийн тогтвортой байдлыг хангах үндэс, суурийг бий болгож байгаа нь сургалтын гол үр дүн юм.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0