М. Учрал


Марафон гүйлт бүх нийтийн хүртээл болжээ

hi

“Улаанбаатар марафон-2022” гүйлт амжилттай боллоо. Олон улсын марафон гүйлтэд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

МАРАФОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙСНАА  ОРОЛЦОГЧ БОЛЛОО

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга асан Т.Гантөмөр: "Би бол “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг зохион байгуулах багт олон жил ажилласан хүн. Харин энэ жил нэр хүндтэй гүйлтэд оролцогчийн хувиар ирсэн маань ихэд сонирхолтой байлаа. 55-аас дээш насны ангилалд  21км-ийн төрөлд амжилттай оролцож, 2 цаг 20 минутын амжилт үзүүлэн барианд орсондоо баяртай байна. Марафон гүйлтэд хүүхэд багачууд, ахмадууд, гэр бүлийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мэргэжлийн тамирчид цөм оролцож байгаа нь сайшаалтай. Марафон гүйлт олон нийтийн хүртээл болжээ. Ахмадууд маань эрүүл мэндээ чухалчилж, гүйдэг болсон байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон бусад албан тушаалд ажиллаж байхдаа энэхүү тэмцээний зохион байгуулалтад олон удаа оролцсон. Цаашид гүйлтийн спортыг бүх нийтийн хүртээл болгож, улам өргөжүүлэх болтугай гэж ерөөе" гэв.

ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ БЯЦХАН ОРОЛЦОГЧ

Бяцхан оролцогч Д.Амин-Эрдэнэ: "Би зургаан настай. 211 дүгээр цэцэрлэгт сурдаг. Гүйлтэд анх удаа орж үзэж байна. Гоё байна".

“УЛААНБААТАР МАРАФОН”-Д ЗУРГАА ДАХЬ ТҮРҮҮГЭЭ АВЛАА

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа: “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн 42.195 км-ийн зайд түрүүлж, тэргүүн байр эзэллээ. Энэхүү олон улсын хэмжээний марафонд би зургаа дахь удаагаа түрүүлж байна. Гүйлтийн спорт жил ирэх тусам хөгжиж, марафонд оролцогчдын тоо нэмэгдэж, зохион байгуулалт ч сайжирсаар байгааг онцолъё. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс хүйтэн, бороотой, салхитай тамирчин хүний шандас, тэсвэр хатуужлыг шалгасан уур амьсгалтай байлаа. Гэвч зорьсондоо хүрсэндээ баяртай байна. Хөнгөн атлетик, гүйлтийн спортоор хичээллэх сонирхолтой хүмүүстээ хандаж хэлэхэд шууд гүйлтээр хичээллэж, амжилт гаргана гэх биш алхалтаас эхлээрэй. Идэвхтэй алхалтаас гүйлтэд шилжихэд илүү хялбар байх болов уу. Спорт танд илүү сайхныг мэдрүүлнэ.

ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЖ БАЙНГА ГҮЙЖ БАЙГААРАЙ

Олон улсын хэмжээний мастер Б.Ванданпүрэв: “Улаанбаатар марафон-2022”  олон улсын гүйлтийг зохион байгуулсан НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир спортын хорооныхондоо талархлаа илэрхийлье. Би урьд нь 42 км-ийн марафон гүйлтэд таван удаа оролцож, 8,9,10 дугаар  байруудад шалгарч байсан.  Энэ жилийн хувьд 42 км-ийн зайнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусад нь оруулах болсноор анхны гүйлтэд нь түрүүлсэндээ маш их баяртай байна. энэ жилийн хувьд зохион байгуулалт сайн, шинэ технологи нэвтрүүлсэн нь сайхан санагдлаа. Цаг уурын хувьд хүнд уралдаан боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1500 метр болон  21 км-ийн төрөлд хоёуланд нь оролцож, тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Багш дасгалжуулагч, баг хамт олондоо, үргэлж дэмждэг хүмүүстээ талархаж байна. Нийт хүмүүстээ спортоор хичээллэж, өөрийгөө ялан дийлж, эрүүл мэнддээ анхаарч, байнга гүйж байгаарай гэж хэлье.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх