М. Учрал


Өвөл, хаврын бэлчээрийн даац өнгөрсөн жилийнхээс 30 хувь буурчээ

hi

Дэлхийн нийтийг хамарсан цар тахал, түүнээс улбаатай хязгаарлалт, хатуу дэглэм, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлт, инфляци болон олон улсын хямралт нөхцөл байдал, улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг олон сорилтыг даван туулахын тулд улс орнууд төсөв санхүү, хүний нөөц, дэд бүтэц гэх мэт боломжит бүхий л нөөцөө шавхаж байна. Эдгээр хямралын зэрэгцээ байгал, цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдэл тохиолдох нь улс оронд нэмэлт хүндрэл, бэрхшээлийг учруулж байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар сүүлийн 80 гаруй жилд манай орны агаарын дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж буйн илэрхийлэл бөгөөд үүнээс шалтгаалсан аюулт үзэгдэл жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсад тохиолдож байгаа аюулт үзэгдэл, ослын тоо жил бүр нэмэгдэж байна. Тухайлбал, Сүүлийн таван жилийн байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 1624 хүн амь насаа алдаж, 428 иргэн бэртэж, гэмтэн, 271,6 тэрбум гаруй төгрөгийн хохиол учирсан бөгөөд амь насаа алдсан иргэдийн 29 хувь нь усны ослоор, 16 хувь нь ахуйн гал түймэрт өртөж нас баржээ. Энэ оны эхний 10 сард нийт 3569 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 380 (үүнээс 152 хүн коронавируст халдвараар нас барсан) хүн амь насаа алдаж, 118 хүн гэмтэж /өвчилж/, 27.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 9.6 хувиар өссөн байна.

Түүнчлэн Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 2022 онд 67.564 газар хөдлөлт болсон, үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт 45.058, хил орчмын бүсэд 22.506 газар хөдлөлт болж, хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 22 удаа болсон. Өнгөрсөн 2021 онд 119.800 удаагийн газар хөдлөлт, үүнээс 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 259, түүний дотор 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2 удаа болсон байна. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад нийт газар хөдлөлт 5.7, хүнд мэдрэгдэм газар хөдлөлт 6 дахин их болсон.

Өвөл, хаврын бэлчээрийн даац өнгөрсөн жил 70 хувьд хүрэлцээтэй байсан бол энэ жил 40.0 хувьд хүрэлцээтэй, 60.0 хувьд олон дахин хэтэрч гарлаа.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

  • 23.9 хувь-(бэлчээрийн нөөцтэй)
  • 15.6 хувь-(бэлчээр хүрэлцээтэй)
  • 34.4 хувь-(даац 1-3 дахин хэтэрсэн)
  • 7.7 хувь-(даац 3-5 дахин хэтэрсэн)
  • 18.4 хувь-(олон дахин хэтэрсэн) байна.

2022 оны 10 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд ИХ, 40 хувьд нь ДУНД зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 орчим хувьд БАГА, 10 гаруй хувьд ХАМГИЙН БАГА эрсдэлтэй гэж гарлаа. Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Энэ онд 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих судалгаа гарсан байна. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо нь өмнөх оноос 2.2 мянган малчин өрх, 1.1 сая малаар өссөн байна. Зөвхөн отор нүүдэл гэлтгүй нутагтаа өвөлжих, хаваржих малчид, иргэдийн тухайд ч амьжиргааны эх үүсвэр нь тул цаг агаар муудах, хүндрэх үед малынхаа араас явдаг. Гэвч бид хүний амь нас, эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг тооцож, иргэдээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллээр тогтмол хангаж, эргэх холбоотой, болзошгүй аюулын үед яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх нарийн төлөвлөгөөтэй, бэлэн байдлаа хангасан байх нь чухал гэдгийг Та бүхэн анхаарч ажиллах шаардлагатай.

Ковид-19 болон мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр сүүлийн хоёр жилийн хугацаанд бид хамтран ажилласан. Шүлхийн өвчинтэй тэмцэх стратегийг өөрчлөн  тэмцсэний үр дүнд шүлхий өвчний гаралт, тархалтыг зогсож  улсын хэмжээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байгаа аймаг, сум байхгүй, тайван байна. Гэвч отор нүүдэл дагасан мал, амьтны гоц халдварт өвчин тархах эрсдэл өндөр байгааг анхаарч ажиллах шаардлагатай. Гоц халдварт өвчин тархах нь эдийн засгийн хувьд ч, айл өрхийн амжиргаанд ч сөрөг нөлөөтэй гэдгийг бүх шатандаа ойлгох хэрэгтэй. Жишээ нь, Баянхонгор, Өвөрхангай аймгаас төвийн аймгууд руу чиглэсэн отор нүүдэл гарал үүслийн бичиг баримтгүй, урьдчилсан мэдээлэл өгөхгүй ирж байна гэх мэдээлэл бий. Аль аль талдаа мэдээлэл солилцохгүй, ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас иргэдэд хүндрэл бэрхшээл үүсгэдэг байдлыг нэн даруй таслан зогсоох шаардлагатай.

Цаг хүндэрсэн үед улсын нөөцөөс өвс, тэжээл тодорхой нөхцөлтэйгээр олгох, тодорхой хэмжээний төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Улсын онцгой комиссоос Засгийн газарт танилцуулж шийдвэрлэнэ. Гэвч аймаг орон нутгийн хэмжээнд нөөцийг нэмж бүрдүүлэх, малчдад нөөц бүрдүүлэх нөхцлийг хангах чиглэлээр идэвхитэй ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн зун л өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байсныг олон удаа анхааруулж, бэлтгэл хангах талаар удаа дараа үүрэг чиглэл өгснийг та бүхэн мэдэж байгаа.

Цар тахал, хилийн хорио, хязгаарлалт, тээвэр логистик, дайн, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол зэргээс үүдсэн сөрөг нөлөө арилаагүй энэ үед нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй бид нүүр тулж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулсан 1 доллар нь гамшиг учирсны дараа зарцуулах 10-15 долларын зардлыг хэмнэнэ гэсэн тооцоолол байдаг. Бид эрсдэлийг бодитоор харж, ажлын уялдаа холбоогоо улам сайжруулж, нэгдсэн зохион байгуулалттай, гүйцэтгэл сайтай ажилласнаар учирч болох эрсдэлийг бууруулж чадна. Тийм учраас Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг өнөөдөр зохион байгуулж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх