С.Амарсайхан: Турк, Сири улсад хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүний тусламжийг нэгэн ижил үзүүлнэ
hi

Хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2023 оны хоёрдугаар сарын 07) шийдвэрлэлээ.
Шадар сайд С.Амарсайхан: "Бүгд Найрамдах Турк Улс, Сири Улсад хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган иргэд гэмтэж бэртэн, амь нас нь эрсэдсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Онцгой байдлын эрэн хайх, аврах албаны бие бүрэлдэхүүн, эмч, сувилагч зэрэг нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг Турк улс руу илгээхээр шийдвэрлэлээ. Мөн Турк, Сири улсад хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүний тусламжийг нэгэн ижил үзүүлнэ. Аврах баг өнөөдөртөө багтаж хөдлөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна.
Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй багаа оролцуулна" гэлээ.
Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.