Соёл, урлагийн салбарынхан цалин хөлсний хангалтгүй байдлаа өнгөрөгч долоо хоногоос эхлэн илэрхийлж, Соёлын яамандаа удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хандсан боловч харьяа яамнаас нь ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өнөөдөр буюу 5-р сарын 17-ны өдөр соёл, урлагийн салбарынхан жагсаж, шаардлага хүргүүлж эсэргүүцлээ илэрхийллээ.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Төв аймгийн "Монгол туургатан" театр, Үндэсний номын сан тэргүүтэй соёл урлагийн ажилчин, албан хаагчид Соёлын яаман дээр жагсаж очин Ч.Номин сайдад шаардлагаа хүргүүлэх гэсэн боловч тэрбээр яаман дээрээ байгаагүй бөгөөд энэ асуудалтай холбогдуулан Төрийн ордонд мэдээлэл хийжээ.
Соёлын сайд Ч.Номин мэдээлэлдээ "Төвөөс алслагдмал соёлын байгууллагын ажилчдад 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно. Энэ ондоо багтааж соёлын салбарын ажилчдын цалинг Боловсролын салбартай тэнцүүлнэ" хэмээлээ.