
Ус сувгийн удирдах газрын ажилтан, албан хаагчид гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, сургалтад хамрагдлаа.
Энэ оны хоёрдугаар сарын зургааны өдөр Турк, Сири улсад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 25 мянган хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон билээ. Эл эмгэнэлт явдлаас үүдэн дэлхийн улс орнууд газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлыг хангах, барилга байгууламжийн чанарыг шалгах, сайжруулах тал дээр ихэд анхаарах болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотын усны асуудлыг хариуцдаг Ус сувгийн удирдах газрын нийт ажилтан, албан хаагчид гамшгийн үеийн бэлэн байдлын үзлэг, сургалтад хамрагдлаа.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот удирдах бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх юм. Мөн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгох, үйл ажиллагааг уялдуулах, идэвхжүүлэх ач холбогдолтой.
Үзлэг, шалгалт, сургалтын арга хэмжээний хүрээнд Нийслэлийн ОБЕГ-ын мэргэшсэн офицерууд хүн нэг бүрийн аранз, гамшигтай тэмцэх багаж, техник хэрэгслийн бэлэн байдлыг үзэж шалгасан байна. Тус үзлэгт Ус сувгийн удирдах газрын ажилтан, албан хаагчид гамшгийн үеийн хэрэглэл, багаж хэрэгсэл бүрэн, аливаа гамшиг тохиолдоход бэлэн байдалтай байгаа нь ажиглагдаж байв.