
"Найман ишигний" гэх хэргийн шүүх хурал Хэнтий аймгийн Давж заалдах шатны шүүх хурлын танхимд үргэлжилж байна. Шүүх хурлын үеэр мөнгө угаасан хэрэгт шүүгдэж буй 80 настай Б.Даариймаа тайлбар хийжээ.
Б.Даариймаа, "Эрэвгийлхам үнэхээр худал ярьж байна, худал мэдүүлэг өгсөн. Эрэвгийлхам тэргүүтэй хүмүүс ирээд манай хоттой малыг нэгжиж, хашаагаар минь давж ороод дуртай болгоноо "Энэ манайх, манайх" гээд хурга, ишгийг хашаа давуулж шидэж байсан. Мал нийлсэн бол салгаад авч болно. Бид өгөхгүй гээгүй, мал зарсан хүмүүсийг байлгаж байгаад шийдье" гэсэн. Бидний үгийг сонсоогүй, элдвээр хэлж дайрсан. Тэр үеийн бичлэгүүд байх ёстой. Тэд яаж галзуурсан гэж санана. Гэтэл яагаад хавтаст хэрэгт байхгүй байгаа юм бэ. Өвгөн бид хоёр насаараа улсын төлөө зүтгэж, өдий хүрсэн. Нутгийнхан маань мэдэж байгаа. Мэддэг байсан бидний насныхан үхээд, залуучууд нь мэдэхээ больсон юм байлгүй. Бид үнэхээр гомдолтой байна. Шүүхийнхэн ирээд, хүүхдүүдийг минь гэнэт л ачаад явсан. Ой гаруйтай охиныг нь буйдан руу шидэж, эхээс нь салгаад үлдээсэн. Мөн намайг найман ишигний мөнгийг угаасан гэнэ лээ. 80 настай би мөнгө угаагаад байж байх уу. Хэлэх ч үг олдохгүй, дэндүү гомдож байна. Болдог бол амиа хорлочихмоор байна. Хүүхдүүдийг минь цагаатгаж, үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна" хэмээжээ.