Хятадын эрдэмтэд үсний ургалтыг хурдасгаж, халзралтыг арилгахад туслах сам зохион бүтээжээ. "Detangle" хэмээн нэрлэгдсэн энэхүү цахилгаан сам нь үс уналтын эсрэг уламжлалт эмчилгээнүүдээс хамаагүй илүү үр дүнтэй болохыг судлаачид онцолж байгаа ч, түүний загвар одоогоор туршилтын шатандаа явж байна. Одоогоор "Detangled" самыг зөвхөн хулгана дээр туршиж үзсэн хэдий ч Бээжин дэх Бэйхан их сургуулийн (Beihang University) багийнхны мэдээлснээр, туршилтын үр дүн нь уг сам нь хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог "андрогенетик алопеци" халзралтыг эмчлэхэд үр дүнтэй байж болох нь батлагдсан байна. "Андроген шалтгаант халзралтын үед үс хурдан ургуулахын тулд самнах үйлдлээр дамжуулан цахилгаан өдөөлт үүсгэж, эмчилгээний бодисыг хуйхны гүн рүү нэвтрүүлэх нь үр дүнтэй байна.
"Detangled" сам нь үсний уутанцрын хэсэгт цахилгаан орон үүсгэх зориулалттай, электродууд болон эм бодисыг агуулсан молекулууд бүхий шүдтэй байна. Судлаачид судалгаандаа "Энэхүү систем нь андроген гаралтай халзралттай хулганы үс нөхөн ургах үр нөлөөг эрс нэмэгдүүлж, миноксидил (minoxidil) агуулсан бэлдмэлийг гадуур түрхэх уламжлалт эмчилгээтэй харьцуулахад, нэг сарын дотор 70-100 хүртэлх хувийн үр дүн үзүүлжээ. Миноксидил нь үс уналтыг удаашруулж, үсний ургалтыг дэмжихэд үр дүнтэй байж болох ч үр дүн нь хүн бүрд харилцан адилгүй байдаг. Мөн үр дүнг нь харахын тулд нэг жил хүртэлх хугацаа шаардагдаж болзошгүй бөгөөд үр дүнг хадгалахын тулд уг бэлдмэлийг тасралтгүй, урт хугацаанд хэрэглэх шаардлагатай болдог. Энэ нь хуйхыг цочроож болзошгүйгээс гадна, зарим хэрэглэгчид хэрэглээний явцад толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлсэн байдаг.
Өөр нэг түгээмэл хэрэглэгддэг эм бол "Propecia" нэрээр худалдаалагддаг финастерид (finasteride) бөгөөд энэ нь халзралтын эхэн үед үр дүнтэй болох нь батлагдсан байдаг. Гэвч үүнийг хэрэглэхэд бэлгийн сулрал, сэтгэл гутрал зэрэг сөрөг нөлөөтэй байна. Сүүлийн үед үс шилжүүлэн суулгах арга улам бүр түгээмэл болж байна. Энэ нь толгойн ар болон хажуу хэсэгт байрлах, үс уналтад тэсвэртэй хэсгээс үсний уутанцрыг авч, халзарсан хэсэгт шилжүүлэн суулгах үйл явц юм. Энэ арга нь үр дүнтэй хэдий ч өндөр өртөгтэй байдаг.
https://www.independent.co.uk/tech/hair-loss-electric-comb-bald-b3085685.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу