
Нэг. Герман орон онцгой хүндэтгэлтэй байв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийсэн айлчлалын хүрээнд Лайпциг хотноо их Д.Нацагдоржийн дурсгалын самбарыг нээв. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч тэрбээр Германд манай орноос анхлан очсон суралцагч гээд эртний түүхт учраар холбогдохын учир монголчуудад энэ үйл явдал тун таатай сэтгэгдэл үлдээж байна. Элчин сайд Балдангийн Энхмандах “Монголын нэртэй Д.Нацагдорж судлаач агсан аав минь хүүгээ тэнгэрээс харж баярлаж байгаа байх даа” хэмээн сэтгэгдлээ бичиж. Түүний аав Л.Балдан бол үнэхээр Нацагдорж судлалын тэргүүн эгнээний эрдэмтэн байсан юм. Д.Нацагдоржийн дурсгалын самбар, марк нээгдсэн тухайтад Монголын сэхээтнүүд энэ мэт баярлаж, сэтгэлийн үгээ хэлж байгаа нь манай суут зохиолчийн ард түмнийхээ оюун санаанд үлдээсэн их өв дуурсалтай нь холбоотой бөгөөд бидний эх хэл, бичгийн эрдэм боловсролын сүншгийг хурайлж оршоосон их гавьяатай нь цаглашгүй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалд Германы тул өндөр ач холбогдол өгч байгаа нь илт.

Тус улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн айлчлалын бүхий л хөтөлбөрт нэг бүрчлэн оролцож, хүндэтгэлийг онцгой барьж байгаа байдал нь хэнд ч анзаарагдахаар байв. Япон, Герман хоёр орон хүн төрөлхтөнд түүхийн сургамжаараа хүндэтгэлийн харилцааг бэхжүүлэхийн ид хавыг, туршлагыг,үлгэрийг нэгэнт бий болгон оройлж байдаг нь үнэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд улбаалан “Чингис хаан” үндэсний музейг Берлинд хагас жил дэлгэн үзүүлэхээр болов. “Монголын сайхан орон” тоглолт, орчин цагийн дүрслэх урлагийн урлал бүхий үзэсгэлэнгүүдээ Германы олон нийт, ард түмэнд толилуулав. Эрдэм шинжилгээ, боловсрол, шинжлэх ухааны хамтын харилцаагаа бэхжүүлэв. Улс төрийн итгэлцлийг лавшруулан бататгаж, ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэв. Мөн зам тээвэр, эдийн засгийн худалдаа, логистик чухал үүрэгтэйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны хэлэлцээний үеэр тодотгож онцолсон. Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нийслэгийн давтамжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компаниуд Берлин хот руу нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, зорчигч тээврийн татварыг бууруулах зэрэг асуудлаар хоёр улсын холбогдох яамд яриа хэлэлцээ хийж байгаад амжилт, ахиц бий болгож хэрэгжүүлэхийг чухалчлав.
Түүнчлэн Монгол, Германы стратегийн түншлэлийн хүрээнд тээвэр, логистикийн холболтыг хөгжүүлэх нь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтойг манай Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Ерөнхийлөгчтэй найрсагаар зөвшин ярилцсан нь үр дүнд хүрэх буй за. Хоёр улсын батлан хамгаалах яам хооронд харилцааг лавшруулж, Монголын Зэвсэгт хүчний албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох бэлтгэлжилтийг хангуулах, сургалтын тогтолцоог бэхжүүлэхэд ач холбогдлыг өргөв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Герман оронд хийсэн энэ үйлчлэл үнэхээр ач холбогдолтой болсоныг тус оронд түвхнэсэн монголчууд өндөр үнэлж байгаа бөгөөд Франк-Вальтер Штайнмайэр Ерөнхийлөгчийн “Чингис хаан бол дэлхийн түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий хүчирхэг удирдагчдын нэг юм. Чингис хааны мөр өнөөдөр дэлхий даяар хүмүүсийн сонирхлыг татсаар байна” хэмээсэн үг нь монголчуудыг энэ их эзэн хааныхаа өргөсөн түүхийн энгээр хөгжиж, дэвжээсэй гэдэг ерөөл бэлгэтэй нь ойлгомжтой юм.

Хоёр. Монгол, Финланд улсууд дэлхий судлалд хамтарна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Германиас буухиалан Бүгд Найрамдах Финланд улсад айлчилав. Монгол , Финланд улс 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс манай улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Ерөнхийлөгч Александр Стуббтай албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, боловсрол, соёл, геологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал солилцов. Скандинавын орнуудад стратегийн гарц, шинэ үүд нээх боломж, шинэ хамтралд эл айлчлалын агуулга оршиж байгаа юм. Энэ үүтгэлээр Засгийн газар, байгууллага хооронд арваад бичиг баримтад гарын үсэг зурж, Хельсинки хотноо Монгол-Финландын бизнес форум зохион байгуулж, соёлын харилцааны арга хэмжээ зохиож, боловсролын салбарт их дээд сургуулиудтай хамтрах, тус улсын Туркугийн их сургуультай гурван талт санамж байгуулах, худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтрах, дэлхий судлалын шинжлэх ухааны хамтын ажиллагааны санамж байгуулах зэрэг ажлуудыг зохих ёсоор гүйцэтгэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Маршал К.Маннерхеймийн бунханд цэцэг өргөсөн бөгөөд, эл маршал орчин цагийн Финландын эцэг, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэн, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн юм. Дэлхийн улс орнууд хөгжил, дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь, амьжиргааны түвшингээр уралддаг. Орчин үеийн дэлхийн шалгарал энэ болсон. Энэ шалгаралд тэнцэн, уралдаж байгаа улс орнуудад авилгал, албан тушаалын хэрэг огт үгүй бөгөөд чухам эл үзүүлэлтээр Финланд тэргүүлэгч орнуудын нэг юм. Энэ хөгжсөн оронд манай улсын Ерөнхийлөгчийн хийж байгаа айлчлал соёл, боловсролын агуулгаар илүүтэй өрнөсөн нь магад сайн хэрэг юм. Финланд дахь айлчлалын үеэр “Монголын нууц товчоо” номыг соуми хэлнээ орчуулан гаргасан монгол туульс судлаач Лаури Харвилахти, “Финландын нийгмийн зуун шинэчлэлт” номын эмхэтгэгч, Финландын төр нийгмийн зүтгэлтэн , доктор Илкка Тайпале нарыг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулав.
Мөн Ерөнхийлөгч Финланд улсад Монгол судлалын шинэ үеийг гаргахад тусгайлан анхаарч, Ерөнхийлөгчийн тэтгэлэгт сургалтаар дэмжихээ илэрхийлсэн, энэ үеэр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын тал Фин судлалд анхаарч, соуми хэл, фин судлалын мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал онц тавихыг тэмдэглэжээ. Финланд улс дэлхийд аз жаргалтай орны үзүүлэлтээрээ тэргүүлдэг. Энэ бол боловсрол, эрүүл мэнд, амьдралын чанараар хэмжигддэг. Технологи, шинжлэх ухааны ололтууд нь мэдээж дэлхийд оройлох. Аз жаргалтай улс оронд төрийн тэргүүний айлчлал зохион байгуулагдана гэдэг үндсэн том агуулгаараа тэрхүү улсын дээд хөгжил үзүүлэлтээс эх орондоо халдварлуулах, тэтгэлцүүлэх бодит сайн нөлөөтэй нь дамжиггүй. Энэ утга чанараараа Финланд дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал түүхэн зам мөр бүтээж байгаа нь эргэлзээгүй юм.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу