
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Prius 41” маркийн автомашин хулгайд алдагдсан болон 36 орчим тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж доторх эд зүйлсийг хулгайлсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаагаар дээрх үйлдлийг Ч гэх этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хулгайлах төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зургаан сараас таван жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэлтэй байдаг. Иймд иргэд та бүхэн автомашинаа гэрэлтүүлэг, хяналтын камертай газар байрлуулж, тээврийн хэрэгсэл дотор үнэт хэрэглэл, гар утас зэргийг ил тавихгүй байх, автомашинаа түгжсэн эсэхээ шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.




