Монголчууд бид цаг алдах ёсгүй

Хуваалцах:
Монголчууд бид цаг алдах ёсгүй

Сандагийн Бямбацогтыг их бодитоор мэдэх юм. Амьдрал түүнд ялагдашгүй байхыг тулгасан. Наймдугаар ангид байхад нь аав нь өөд болсон. Өнчин олон дүүтэйгээ, ээжтэйгээ үлдсэн. Ингээд амьдралын өмнө сөрөх, тэмцэх гэсэн зорилготой үлдсэн, тэр тэсэх, зүтгэх чанар нь өнөөдрийн С.Бямбацогтыг бий болгосон. Тэр өнөөдөр Монголын хамгийн гол хүн болжээ. Энэ улсын, энэ орны хувь заяа гагцхүү С.Бямбацогтын оюун санаа, ухаан бодлоос хамаарах болж. Ерөнхийлөгч хэмээх албан тушаалтан нь ингээд ор суурь эзгүй болохоор цаанаасаа л нэг тийм төр улсын бүтцийн үгүйллийг буй болгодог мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Уламжлалт их төртэй улс орны иргэний мэдрэмж, үгүйлэл юм болов уу.

Одоо хүссэн хүсээгүй энэ улс орны хувь заяа, цаашдын чиг залуур С.Бямбацогт, Н.Учрал гэдэг хоёр хүнд ноогдож байна. Ноогдох ноогдохдоо, Монголын ард түмний төр улсаа өөдлөн дэвжүүлэх, цэвэршүүлэн тунгалагшуулах их хүлээлт, их хүсэл дээр хариуцлагажиж байгаагаараа хамгийн чухал юм. Монголд Ерөнхийлөгчийн институтын, түүнээс үүдсэн засаглалын, эрх мэдлийн хуваарилалт гажуудсанаас үүдэн нэн амаргүй түүх явсаар ирлээ. Одоо, нэгэнт энэ гажуудлыг засаж, шинэ эмх журмаар улс орныг удирдахаас аргагүйд хүрчээ. Үүнийг өнөөгийн төрийн дээр суусан С.Бямбацогт, Н.Учрал, улс төрийн намуудын дарга нар эв хамтаар зөвшин шийдэж, Монголын төрийг эрх мэдлийн донт, шуналтнууд, алдаа завхралын тонуулгаас бүрмөсөн ангижруулж, түүхэн үүрэг гүйцэтгэх онцгой хувь тохиолыг хэрэгжүүлэх ёстой болж.

Энэ бол цаг хугацаа, оноол тохиол, Монгол улсын язгуурын эрх ашгийн үүднээс тулгагдаж байгаа онцгой тулгалт, шаардлага юм. Улс орноо өөд татсан аливаа том зүтгэлтэн, улстөрчид дэлхийд, хүн төрөлхтөнд дуурсах бөгөөд Махатма Ганди мэт мөнхрөх билээ. Монгол орны нэн шинэ түүхийн ийм чухал хувь заяаны оноолтод өнөөдрийн улстөрчид иржээ. 

Энэ чухамхүү мөнөөх С.Бямбацогт, Н.Учрал, Н.Номтойбаяр, Б.Батбаатар, О.Цогтгэрэл, Т.Доржханд гээд парламентад суудалтай намын дарга нараас гадна эрх баригч намын цаашдын асуудалд шууд хамааралтай Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нараас ч бүрнээ хамаарах юм. Монгол орон засаглалын гарцаагүй зөв зохион байгуулалтыг онож, хуульчилж, дээдэлж, хэлбэрэлтгүй мөрдөх түүхэн цаг хугацаа эдгээр хүмүүст зүй ёсны хариуцлагыг үүрүүлж байна. Бид өмнөх түүхээсээ идсэн уусан, хэмжээгүй эрх дарх, түүний үрээр туйлан тонгочсон дарга нарын л авирлалыг үзнэ. Энэ бол үзээд, бахархаад байх түүх огт биш байлаа.

Одоо байгаа энэ хүмүүсийг буруутган үзэн ядах ч тэд түүхэн өөрчлөлтийг хийх эсэх торгон мөч дээрээ байна. Цаашид үзэгдэх, үнэлэгдэх, үүрдийн Монголын ард түмний язгуур эрх ашгийг хангасан улс төр, нийгмийн зохион байгуулалтыг гарцаагүй хийх шаардлагатай байна. Тэд чадвал нэрээ өөрөөр дуурсгаж чадна, чадахгүй бол арчигдана. Харин монголчууд бид цаг алдаж, хүлээх чадалгүй бас тэгэх ч бодолгүй байна.

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх