
Ерөнхий сайд Н.Учралыг, Хэнтий, Дорнод, Сүхбаатараас сонгогдсон У.Отгонбаяр, Л.Оюун-Эрдэнэ, М.Бадамсүрэн нарын долоон гишүүнийг дуудан нэрлээд, Халх, Нөмрөгийн дархан газар шатаад гал намжуут нь “Оройлж ажиллацгаана уу” хэмээн бичсэн билээ. Манайхан эг маг гэлцэн дуугарч ч эс амжиж байтал, өчигдөр Японы Засгийн газрын эрх бүхий өндөр албан тушаалтан мэдээлэл хийж, уучлал харамслаа илэрхийлж, мөнөөх шатсан нутгийг сэргээн биежүүлэхэд тэд бодитоор ажиллана гэдгээ мэдэгдчихлээ. Тэгэх ч болов уу гэж бичиж байсан, ёсоор л боллоо. Мэддэг, таадаг, их мэдэгч болохын шаардлага үнэндээ алга. Зарчим, үнэн гэж байгаа бол тэгэх учиртай гэдгийг л сийрүүлсэн, юутай ч хоёр улсын Засгийн газар хоёулаа Халх, Нөмрөгийг сэргээх нь шиг байна. Аштай юу даа л гэж хэлэх нь монгол хүн бүрийн Халх, Нөмрөгт санаа зовсондоо амсхийсны илэрхийлэл болно. Нөмрөгийн энэ асуудал ингэж мундрахын зэрэгцээ, улс төрийн “нөмрөгтнүүдээс” сонин сонин мэдэгдэл хийгээд байх.
Их хурлын дарга явсан, тэр индрээсээ нэлээд дарангуйлагч төрхтэй загнасаар 2016 онд АН-ыг навс ялагдуулахад ихээхэн “үүрэг” гүйцэтгэсэн З.Энхболд “Ирэх оны сонгуулийн үрээр Ерөнхийлөгчөөр метал нэртэн тодорно. Мэргэн хүний үг” гээд нэг юм хэлээтэхэв. З.Энхболд бол шашингүйн маягийн үзэлтэй, эрс тэс үгтэй хүн. Гэтэл их намжиртай тэгж мэдэгдээд, тэр нь нийгэм, улс төрийн хүрээнд ихээхэн үг хэл өдүүлэх царайтай. Ган...баатар, төмөр, бат гээд гантай, төмөртэй метал “орц” бүхий нэртэн гурван горилогч АН-д байгаа. Мөн Н.Алтанхуяг бий. Алт ч бас метал. Гэтэл МАН-аас дэвших горилтой дөрөв таван нөхдийн нэрний алинд ч метал нь алгаа гэсэн байна лээ. МАН-д бол их хортой, цаашдаа сонгогчдод оюун санаанд нь орохоор л, тийм гаажтай мессеж энэ болж орхилоо. Үнэндээ бол энэ мэргэн хүний үг бус бараг бошго шахуу юм шиг хүргэнэ лээ. Түвд , төвөд зүгтэй бололтой юм.
Иймэрхүү улс төрийн суртал хавуурт Дон Женко хавийнхан л мэх шилэхдээ сайн гэж учир мэдэх, ширхэг таних улс ярилцах. Ийм нэг юм болоод байна. Цаашид ч их яригдах байх. Удахгүй металаас зөөлөн төлөв рүү, мод руу, шатар хийдэг зандан руу ч шилжих юм гэнэ билээ гэдэг ч “бошго” гарч мэдэх юм. Одооны байгаа Ерөнхийлөгч нь мөн метал нэртэн байгаа юм чинь.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нэг сэтгүүлчтэй л үзээд байна. Өнөөх нь ч боргоод, мань хүний нервээр тоглочихож байгаа харагдах. Сайд төлөв сайхан хариулаад, буруу зөрүүгээ олохын оронд “Дарваганаж байж шоронд оровзой, п... минь. Яллах, яллуулахыг би мэднэ” гээд л агсараад байх.
Монголын төрийн сайд хүн байна даа, Б.Дэлгэрсайхан одоо жаахан учир жанцантай баймаар юм. Нэг л их хэрүүл хийсэн, хэрүүл өдсөн хүмүүсийн ярианд буцалж орж живсэн, бригадын хурал дээр хэрэлдсэн саальчдын манлай аятай л нүд цавчлахгүй, нүүр атирахгүй, хэл амаа билүүдээд дайрах нь Б.Дэлгэрсайхан шиг бас ч гэж бүтээн байгуулалт хийсэн, хийж яваа хүнд үнэндээ чөмөггүй төрх байх юм даа. Одоо тэгээд гадуур олон эхнэртэй хүн ингэж хэрэлдэж суралгүй яахав дээ гэх маягийн амны зугаа болж явах. Б.Дэлгэрсайхан төрийн хүний зарчмын элтэрхийтэй, ёс зүйн хэлтэрхийтэй, баян хүний өнгөрүүлж, хүлээх өгөөмрийн захтай баймаар юм. Б.Дэлгэрсайханы өнгө төрхөөр өнөөгийн Засгийн газрын, Н.Учралын сайдуудын өнгийг шинжье гэвэл ардаг догшин, номхроогүй, эдлэгдээгүй зэрлэг адууны цугларал шиг харагдах гээд байх юм.
Канадаас хотын дарга, Хуулийн сайд асан Х.Нямбаатар лайвдсаар. Ард түмэн ч тэр лайвыг нь их үздэг бололтой юм. Манай орны нийт иргэдийн жар далан хувьтай тэнцэх тооны үзэлттэй байна л гэлцэх. Х.Нямбаатар лайвдаа их олон хүний тухай ярьж байгаа. Тэр олон хүний дотроос хоёр хүнийг их аймаар улсуудтай зүйрлэж, нэрлэж ярьсан.
Х.Нямбаатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг Геббельс, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалыг Берия гэж хэлсэн. Жозеф Геббельс бол нацист үзэл санааны эцэг, хүн төрөлхтний зандалчин Гитлерийн баруун гар, үзэл суртал, ухуулгын сайд байгаад Орос Берлинийг эзлэхэд амиа хорлосон бол Зөвлөлт Оросын ард түмнийг дарангуйлж, зандалчилж, алж, хүчирхийлж байсан яргачин Лаврентий Берияг маршал Жуковын гараар даруулан баривчилж, цаазлан устгасан түүхтэй. Энэ хоёр хүн бол ардчилалт, энэрэнгүй, чөлөөт, олон ургальч, ил тод, нээлттэй, хууль засагладаг хүн төрөлхтний үнэ цэнт оршихуйд халдан, харгислан түрэмгийлж байснаараа энэ дэлхийд хэзээд өршөөгдөшгүй адгийн түүхтэйгээр дууссан хүмүүс юм. Гэтэл Монголын сайхан оронд, Япон Тэнгисээс Европийн эрэг хүртэлх тэнэгэр Азийн Ардчилалт манай оронд тэр адгийн хүмүүстэй адилтгагдах хүмүүс байна гэж үү.
Х.Нямбаатар хүн гүтгэсэн үү, үгүй юү гэдгээ нотлох ёстой. Өнөөдөр холын айлчлалаас ирэх Ерөнхийлөгчийн багаас зөвхөн түүний лайвтай холбоотой мэдээлэл өгнө гэж өчигдөр мэдэгдсэн байгаа. Хариу няцаалтууд нь орж ирэх биз ээ. Х.Нямбаатарын лайв олон нийтэд “орох”-ын хэрээр учрыг нь мэдэх гэсэн олон нийт Х.Нямбаатарыг Л.Оюун-Эрдэнийг эндээ ирээд “байгуулалцсан” системээ зас гэлцэн шүүмжлээд байгаа ард түмний үг оргүй ч юм биш л дээ.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу