
Спикер Н.Учрал зүүн аймгуудад ажиллаад, ард иргэдтэй уулзалт хийж байна. Г.Занданшатар нь Швейцарь явахаасаа өмнө эх орны хойморьт нэг, үүдэд нэг ажиллаатахсан. Манай дарга нар ингэж ард түмнээ сонсож байгаа нь маргаангүй зөв. Спикерийн Дорнод аймагт хийсэн уулзалт дээр бололтай байна. Иргэн асуужээ. Хууль шүүх ажиллаж байна уу, шударга ёс тогтож байна уу гэж. Хууль зүйн сайд Б.Энхбаяр шууд хариулсан байна. Хууль хэрэгжиж байгаа. Мөрдөлт явагдаж байгаа. Цээрлэл хүлээлгэнэ гэж. Энэ бол шууд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд зориулагдсан үг болох нь хэнд ч тодорхой.
Б.Энхбаяр тэгээд, халуун орон, далайн эргээсээ ир ээ гэж хэллээ, Д.Амарбаясгаланг. Бали арал дээр бөхчүүд дагуулаад явж байна гэж мэдээлэгдсэн. Б.Энхбаярын хэлж байгаагаар бол сараар тэнд яваад байгаа юм байна лээ. Д.Амарбаясгалан ирж, Б.Энхбаярынхаа яриад байгаа шударга шүүх, хуультай уулзаж таарах бололтой. Түүнийг нь Б.Энхбаяр тодотгоод “халуухан” хавар болно оо гэсэн байна лээ. Н.Учрал спикер залуу зандан үедаа ихээхэн толгой дээгүүр хүн байв. Нэгэнтээ алдаж, баахан “унтахаас” нь өмнөх үеийн бичлэгүүдийг харахад тун сэвээтэй, их дээгүүр төрх байдал үзүүлж байх нь түвэггүй анзаарагддаг. Гэтэл эдүгээ үнэхээр сайхан тохь төлвийг үзүүлэх болжээ. Цэнхэр дээл өмсөөд малчин айлд суугаад, тэр айлын эзний үгийг сонсоод, цөөн үгээр асуугаад намуухан сууж байгаа нь сайхан харагдаж байна. Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нар спикер байхдаа ингэсхийгээд хөдөө айл хунараар ордгийг санагдуулж байна.
Н.Учрал “Мал дагасан хүүхэд бий юү...” энэ тэр гээд асууж байгаа нь бүр нэг хүндлэм төрх үзүүлж байна, хэзээний буйд малчны амьдралын нарийн ширийнийг мэдэх хүний ёсоор, өөрөө бол унаган хотын хүүхэд шүү дээ. Н.Учрал дарга үнэн үг хэлж байна. Асуудлыг ойлгож сонсдог, бодитоор шийддэг төр хэрэгтэй байна. Дарга сайд болохоор ард түмнээсээ алсарч байна. Үнэнтэй тулдаг төр итгэлийг сэргээнэ. Шүүмжлэхээр заналхийллээ гэдэг болж. Эдгээр бол гомдол биш, үнэн гэж тэр хэлж байна. Ард иргэдийн дунд ороод, хэлсэн ярьсаныг нь сонсоод хэлж байгаа спикерийн үг. Тэгээд хариуцлагыг бүх түвшинд чангатгана гэлээ. Үнэхээр л хэлэх ёстой үгүүд. Төрийн эрх барих дээд байгууллагын дарга ийм үгс хэлж, орон нутгаараа яваад, чөлөөлье гэдэг үзэл баримтлалаа төгөлдөржүүлье гэж явааг сайшаахаас аргагүй. Амралтын өдрүүдээр Мандалговьд тэмээчдийн улсын баярыг тэмдэглэв. Боломжийн сайн зохион байгуулав бололтой. Тэмээ туйлуулах, гоёыг нь шалгаруулах, эдэлгээ уналга тэргүүт тэмээн маллахуйн соёл, үнэт чанарыг нь сурталчилах гээд тэмээн олон талын ашиг тусыг энд онцолжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон тэмээчдийг шагнаж, Гадаад яамны сайд диломатынхныг урин оролцуулж, бүх талаар агуулгын өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Тэмээ бол манай үнэтэй эрдэнэ. Таван зуу гаруй мянган тоотой байгаа. Энэ үнэт баялагаа өсгөн үржүүлж, “Тэрбум мод”-оос дутахгүй ач холбогдол өгч байгаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид талархах нь зохино. Тэмээчдийг тэмээчдийн баяр дээр нь шагнах нь ч гүйцэтгэгч төдий урлаг соёлынхныг, дуучин, бүжигчдийг шагнаад байдгаас хамаагүй гүн өндөр хүндэтгэл болох нь ойлгомжтой байна. Тэмээгээ наанадаж сая тоонд хүргэх ч бодит шаардлага буйг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үйлдэл үзүүлэв гэж ойлгохоор харагдана. Тэмээчдийн баярт Соёлын сайд очжээ. Очилгүй яахав, хамгийн байх ёстой хүн тэр. Энэ мэт чухал арга хэмжээг яаж илүү төгөлдөр сайн зохион байгуулж, үндэсний онцлогоо өргөх учиртайг сэхээрч байгаа гэж итгэн найдах ёстой. Хүний хувцсыг заах зөв биш байх. Гэхдээ Соёлын сайд хүрэн, улаан, цагаан тэмээтэй тэмээчдийн баярт хар дээлтэй байх зохисгүй байна. Ерөнхийлөгчийн багийн хариуцлагатай албаны залуус мөн эрийтэл хар дээл өмсөөд зургаа даруулжээ.
Энэ бүхэн бол буянт сайхан хүрэн хонгор тэмээт тэмээчдийн баяр, үндэсний гайхам баялагийг тодотгосон эл арга хэмжээн дээр ер зохихгүй байна, агуулгын бэлгэ ёрын хувьд ч зохисгүйг ухаарцгаагаасай. МАН-ын дэргэд дэх эмэгтэйчүүдийн байгууллагын даргын сонгууль явагдах гэж байгаа бололтой юм. Үндсэн хууль зөрчсөн зэрэг асуудлаар донго хүртсээр байгаа Х.Булгантуяаг буулгаж, Д.Үүрийнтуяа гэгч хүнийг оронд сонгохоор яригдаж байгаа бололтой. Д.Амарбаясгаланг түлхэн унагаахад оройлон оролцсон, Эрдэнэт үйлдвэрийн санхүүг атгаж явсан энэ хүнийг МАН эмэгтэйчүүдийнхээ байгууллагын даргаар сонгох гэж байгаа нь агуулгын их зөрчилтэй. МАН мөнгөний эрхшээлээс, авлигаас ямагт ангид байх ёстой. Тэгж байж л Н.Учрал даргын яриад байгаа ард түмний итгэл сэтгэл сэргэх юм. Эс тэгвээс, үйлдвэрийн мөнгө барьж байсан, үйлдвэрээс эрх ашгаа салгаагүй яваад л байгаа хүнд энэ байгууллагаа удирдуулахаар болж байна гэдэг шударга ёсыг умартан, өнгө мөнгөний агуулгаас салахгүй гэж илэрхийлж байгаагаар ойлгогдоно. Тендер, бусад олон эрх ашгийн асуудал аяндаа яригдах юм билээ л дээ. МАН-ын бүх цаг үеийн дарга нар мөнгө, шударга бусаас л үүдэж ойчиж байгаа. Сүүлийн хоёр дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тод жишээ нь. Д.Үүрийнтуяа бол Л.Оюун-Эрдэнийг Эрдэнэтэд онц байдал гэгчийг тогтоож байх үеээс, Д.Амарбаясгаланг намыг эрхшээн он жилүүдийг элээхтэй зэрэгцэн Эрдэнэтийн дээр Х.Бадамсүрэнтэй хамт суун элээлцэж, эмээллэж суусан гэдгийг Н.Учрал дарга нь мэддэг биз ээ.
З.САЙНТӨГӨЛДӨР




