Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг 24 дэх жилдээ зохион байгууллаа

Хуваалцах:
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг 24 дэх жилдээ зохион байгууллаа

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ орон даяар боллоо.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын залуучуудын холбооноос Төрийн ордны “Их Монгол” танхимд хамтран зохион байгуулсан ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй болон 800 өсвөр үе, залуучуудын төлөөлөл оролцов.

Арга хэмжээний үеэр шилдэг 16 хүүхдэд иргэний үнэмлэх, батламж гардуулж, урлагийн тоглолт толилуулсны зэрэгцээ хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн илтгэл тавив.

Улсын хэмжээнд 2026 онд нийт 66,262 хүүхэд, залуу 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах юм. Энэхүү тэмдэглэлт өдөр тэдний төлөөллийг оролцуулсан Андгай өргөх ёслолыг орон нутагт аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монголын залуучуудын холбооны салбар байгууллагууд хамтран нэгэн зэрэг зохион байгууллаа. Мөн ХБНГУ, БНХАУ, БНСУ-д оршин суугаа 16 нас хүрч буй Монгол Улсын иргэдэд иргэний үнэмлэхийг нь гардуулав.

2002 оноос Монголын залуучуудын холбооны санаачилгаар төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулж буй тус ёслол нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээ, үндэсний үзлийг төлөвшүүлэх, төрт улсаа дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах, түүх, соёл, уламжлалаараа бахархах үзлийг дэмжих зорилготой юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх