НИЙТЛЭЛОнцлох

Ерөнхий сайд Г.Занданшатар зуун хоногийн баривчилгаа явуулахад “намын даргын хувиар өвдөхгүй”...

Хуваалцах:
Ерөнхий сайд Г.Занданшатар зуун хоногийн баривчилгаа явуулахад “намын даргын хувиар өвдөхгүй”...
0:00 / 0:00

Н.Тавинбэх, Д.Тогтохсүрэн, Б.Насантогтох гээд МАН-ын томчууд өдөр шөнөгүй баривчлагдаж байна. АТГ  одоо л жинхэнээсээ ажиллаж байна гэж харагдахаар. Өмнөд оронд шөнө хаалга цохих нь айл андуурсан байгаасай гэдэг үг байдаг гэнэ лээ. Баривчилгаа их явдаг, авлигаас ашид хагацах зорилготой улс ийм байдаг юм билээ. Үүнтэй зэрэгцээд нэг хүн хилсээр ялласнаас зуун хүн ял завшуул хэмээсэн үг бас гарсан байдаг юм билээ. Монголд бол үнэндээ чулуу аваад шидэхэд авлигач оногдохыг сүүлийн өдрийн үйл явдлууд харуулж байна. Хүннү хотын менежер Б.Мөнхсайханыг баривчиллаа, Эрдэс баялагийн яамны хяналтын менежер А.Бямбадоржийг саатууллаа, Эрчим хүчнийхний их баривчилгаа гээд явж өгч байна. Монголд үнэндээ авлигын тор аалзны тор байтугай нэхэгдсэн. Үүнийг улс төрчид хийсэн.

Сүүлийн арван жилийн топ-10 хулгайд алдсан зуун хорин их наядаар хоёр зуун станц барих байлаа гээд нэр бүхий сэтгүүлч бичээд Б.Чойжилсүрэнг “Станц барих мөнгөгүй” гэснийг үгүйсгэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар хулгайтай тэмцэнэ гэж эрт зарласан. Хулгайтай өдөр бүр тэмцэж, баривчилгааг өдөр бүр хийх хэрэгтэй байгааг хүйтэн, харанхуй гэртэй, хулгайлагдсан эрчим хүчтэй ард түмэн шаардаж байна. Монголд өнөөдөр хаалга андуурахгүйгээр хулгайчдаа барьж байгаа энэ байдлыг Ерөнхий сайд Г.Занданшатар АТГ-тайгаа хамтран нэт үргэлжлүүлмээр байна. Ингэж улс орондоо нүүрлэсэн хулгайн зудыг дарах хэрэгтэй. Б.Энхбаяр сайд улс төрийн зорилгоор попрохоосоо илүүтэй ард түмэн, улс орны амьдралын эрчим хүчийг хулгайлагсадтай өдөр бүр, эгшин хором бүр тэмцэх хэрэгтэй юм. Түүхэнд Г.Занданшатар, Б.Энхбаяр хоёр олон хүн баривчилсан гэж  үлдвэл үлдэнэ л биз.

Гэхдээ Монголын ард түмэн хулгайчдыг барьж, зөв цагийг тогтоосноор нь түүхэнд илүүтэй үлдээх биз. Өнөөдөр Б.Чойжилсүрэнг гуч хоногт асуудлаа цэгцэл гэж Ерөнхий сайд хэлсэн. Б.Чойжилсүрэн сар байтугай, 100 хоног байтугай, бүр ирэх оны наадам хүртэл цахилгаан хязгаарлана гэж хээвнэг , сайдын ажлаа авбал ав гэж хэлж зогсоно. Монголд ийм л хэмжээний хариуцлагын сахилга бат үйлчилж, үүнийх нь үрээр даварсан эрх мэдэлтнүүд нийт ард түмнийг хүйтэн харанхуй өвөлжүүлж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар тэгж ярьвал,гуч хоногт асуудлаа шийд гэхийн оронд, 100 хоногийн баривчилгааг хэлж байгаад явуулаасай. Улс орны эрх ашгийг хөсөрдүүлсэн авлигач хулгайчдыг ингэж зарлаад , баривчлаад, түгждэг газар нь түгжээсэй. Монгол бол ял завшуулахын дээд орон болсон. Одоо ял эдлүүлдэг орон болоосой. Цагаан захтны, албан тушаалын гэмт хэрэгтнүүд, авлигачдад.

Эрчим хүчний хулгайчидтай тэмцэж, эх орон ард түмнээ аварахгүй бол үнэхээр болохоо байжээ, Ерөнхий сайд Г.Занданшатар аа! Зуун хоногийн баривчилгаа явуул. Зуу зуугаар ялла. Ерөнхий сайд Г.Занданшатарт нэг давуу тал байгаа. Тэр бол намын дарга биш нь. Намын дарга бол “тэр минь, энэ минь” гээд , намаа бодоод эх орноо боддоггүй явж ирсэн байдал өнөөдрийн энэ хулгайчдыг гааруулсан МАН-ын дарга нарын алдаа. Гэм нүгэл. Тиймээс намын дарга биш Ерөнхий сайд Г.Занданшатар зуун хоногийн баривчилгаа явуулахад “намын даргын хувиар өвдөхгүй”.

З.САЙНТӨГӨЛДӨР


0:00 / 0:00
Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
1Пөөх