
Санжаагийн Наранцогт Сүхбаатарын Мөнхсүхэд нэг үг хэлсэн дээ. Оюу толгойн өгөөжийг нэмэгдүүлэх сэдэв тэргүүтэн УИХ-ын сонсгол дээр. С.Наранцогт хэлж байгаа юм. Монгол хүн байлгүй дээ гээд үгээ эхэлдэг. С.Мөнхсүхийг, С.Мөнхсүхийгээ монгол хүн байлгах гээд л байгаа С.Наранцогтын санаа. Эрдэнэс Монголын захирлын хувиар уулзаж учрах шаардлагатай, энэ Монголын эрх ашгийн үүднээс ярих асуудлууд байсан нь, байгаа нь ойлгомжтой. Гэтэл С.Мөнхсүх нь үл тоомсорлох, ихэмсэглэглэх, хүнийрхэх байдал нилээд үзүүлсэн байдал С.Наранцогтын яриа өнцгөөс ойлгогддог. С.Наранцогт бол үнэндээ дүлэгнүүр, хувиа хичээгч маягийн л сэхээтэн. Гэтэл С.Наранцогтыг тийм үг хэлүүлэх дээр хүргэсэн байна гэдэг бол С.Мөнхсүхийн хүзүү маш бухан байсаны л шинж. За эдгээр илүү үг яахав, одоо Санжаа, Сүхбаатар овогтуудад хийх ажил байна.
Отгоншарын Батнайрамдал гэдэг нөхөр эх орончоор чичирсээр байгаад УИХ-ын нэг тогтоол гаргуулчихсан. Үүнийг нь Засгийн газар биелүүлэхээс аргагүй. Төрийн эрх барих дээд байгууллага хуульчлаад, Н.Учрал спикер алхаа цохичихсон. Ерөнхий сайд Г.Занданшатар үтэр амжуулая, хийе, түргэлэе гэдэг агуулгатай бичгийг Рио, Оюу толгойд илгээчихсэн. Цаад тал тийм ч дуулгавартай биш л байх шиг байна. Дуулгавартай байхаас аргагүй дээ. Монгол гэдэг орны эрх ашиг, Монголын ард түмний хүсэл эрмэлзлийг Монголын баялагийг эдлэн капиталжиж байгаагаас хойш Оюу толгойнхон хийх л хэрэгтэй. УИХ-ын тогтоолыг биелүүлэхээс аргагүй. Монгол, Монголын ард түмэнд өдөрт арван тэрбумаар хүүлүүлээд яваад байх үнэндээ ахдана. Юухэв, зүгээр асуудлаа даруй УИХ-ын тогтоолын дагуу Оюу толгой, С.Мөнхсүх захирал даруй шийдээд явах хэрэгтэй. Тогтоол дотор нэг чухал заалт байгаа. УИХ-ын гишүүн Лхагвасүрэнгийн Соронзонболд санаачлаад батлуулчихсан.
Тэр бол Оюу толгойн экспортын орлогыг Монголын банкуудаар дамжуулах чухал заалт байгаа. Юуны өмнө энэ заалтыг Л.Соронзонболд нь хянаад, С.Мөнхсүх, С.Наранцогт хоёр нь үтэр хэрэгжүүлмээр байна аа. Банкны толгойд очсон С.Наранцогт үүнийг нэн сайн мэдэж байгаа. Энэ бол Монгол эдийн засаг, санхүүгийн цусны эргэлтэд амин чухал байгаа. Үүнийг нэн даруй хэрэгжүүлж, Оюу толгойн экспортын орлого Монголын банкуудаар яваад эхэлсээн, гүйлгээнд орсоон гэдэг мэдээг даруй уншмаар байна, үзмээр байна, Монголчууд. С.Мөнхсүх саяхан албан ёсоор ажлаа авлаа гээд монгол, англиар мэдээлж байна лээ. Монгол хэлээрээ эхэлж мэдээлсэн байна лээ. Энэ бол С.Мөнхсүх “монголлог” байгаагийн илэрхийлэл байх. Гүйцэтгэх захирал гээд л яваад байсан, сая албан ёсоор албажлаа гэдгийг нь харахад Монголынхоо төлөө илүүтэй зүтгэнэ гэсэн илэрхийллээр харагдаж, харагдуулж байгаа мэдээлэл байх гэж эерэгээр хүлээн авч байна, олон нийт.
Ер нь бол, С.Наранцогтод монгол эсэхээ нягтлуулан, хэлүүлэн хэлүүлэн суух хэрэг С.Мөнхсүхэд үнэндээ хэрэггүй юм. Хоёулаа л монгол хүнээс хойш Монголынхоо төлөө зүтгэх хэрэгтэй. С.Наранцогтын шазуур зуугаад хэлсэн үгс Монголын төлөө гэдэг агуулгаараа гарцаагүй зөв шүү. Иймээс С.Мөнхсүхэд Оюу толгойн өгөөжийг Монголын талд ашигтай, илүү ашигтай болгох арга замыг УИХ-ын тогтоолыг бариад хэрэгжүүлэх ёстой. Дүлэгнээд, азнаад, ухраад байх ер шаардлагагүй. Оюу толгойн ТУЗ-ийн дарга явсан Г.Батсүхээсээ асуух хэрэгтэй. Яагаад, Г.Батсүх дарга аа, Монголдоо илүү ивээлтэй болгож болоогүй юм бэ гээд асуух хэрэгтэй. Тэр хүн Монголын төлөө байсан байх. Арга замууд, хэрэгжүүлэх горимыг тэр хүн мэдэх байх. Ингээд Оюу толгойд Монголын өгөөжийг нэмэгдүүлэх ажилд нь амжилт хүсье, С.Мөнхсүх захиралд. Ил хэлье, цаад талын эрх ашиг дараагийнх, Монголын эрх ашиг нэгдүгээр асуудал шүү. Монголоор эхэлж бичээд, англиар араас нь хадмалладаг шигээ л хандана шүү, С.Мөнхсүх ээ.
З.САЙНТӨГӨЛДӨР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2026-02-04 19:53:13
зөв зөв