НИЙТЛЭЛОнцлох

Х.Нямбаатарыг энэ эрчээр нь зүтгүүлэх манай эрх ашиг болно

Хуваалцах:
Х.Нямбаатарыг энэ эрчээр нь зүтгүүлэх  манай эрх ашиг болно
0:00 / 0:00

Хишгээгийн Нямбаатарыг шилгээх, ажлыг нь авах маягтай яриа яваад байх шиг. Тэгэхгүй ээ, тэгмээргүй байна. Буух эзэнтэй, буцах мөртэй байна гэдэг нэг үг бий байх аа. Х.Нямбаатар УИХ-ын гишүүн, хууль зүйн сайдаасаа татгалзаж хотын дарга болсон. МАН түүнийг ажиллаж  чадна, чухам тэр л хотыг удирдаж чадна хэмээн илгээж байв. Ард иргэд ч үүнийг нь дэмжиж, Х.Нямбаатар Улаанбаатар хотыг удирдах өндөр эрхийг үнэмлэхүй авсан юм.

Хотын дарга, нийслэлийн МАН-ын даргын албан тушаал хашиж, үүгээр нь эрхийг бариулан нэгэнт томилсоноос хойш сонгогч, ард түмэн Х.Нямбаатартайгаа “учраа олох” хэрэгтэй юм. Хийсэн, бүтээсэн сайн сайхан байгаа бол Х.Нямбаатарын л хишиг, чадамж. Х.Нямбаатар гэдэг хотын даргыг чамгүй ажиллаж байгааг нийслэлчүүд, ард түмэн харж л байгаа. Ажиллуулах хэрэгтэй юм гэдэг өнгийг, төлвийг барьж байгаа нь огт нууц бус. МАН-ын дотоод бүлэглэлийн дажин бол ард түмэнд огтоос хүртээлгүй. Ард түмэнд хүртээлтэй нь сонгосон даргыг, түүний багийг ажлын нь гүйцэтгэлээр ирэх сонгуулиар оноо тавихад юм. Энэ чинь л буух мөр, буцах эзэнтэй байх юм. Ачаагаа үүрээд, албаа авсан даргыг замын дундаас солих нь онохгүй. Ажлын нь нийт үр дүнг үзэлгүй, сонгуулийн хариуцлагыг нь үүрүүлэлгүй албан тушаалаас нь буулгах бол байж болохгүй сэдэл. Нэг үгээр хэлбэл, Х.Нямбаатар гэдэг хүнийг хариуцлагаас бултуулах гэж байгаа явдал. Мөрийн хөтөлбөртэй, түүнийгээ биелүүлэх гээд зүтгэж байгаа даргыг өөрчилж, өөр дарга тавихыг эрмэлзэх нь сонгогчдыг хуурч байгаа явдал. Шуудхан хэлэхэд, хариуцлагаас холдуулах замаар өөр дарга томилох сэдэл үүсгэх нь МАН ард түмнийг хуурч, цаашилбал сонгогчдыг дэндүү басамжлан дээрэлхэж байгаа явдал болох юм. МАН-ын дарга Н.Учрал ширхэгтэй, сийрэг хандлагатай хүн. Үүнийг мэдэж, бодож, намаа удирдах төлөвлөлтөө хийж буй биз.

Ирэх 2028 оны сонгуулиар Х.Нямбаатар хэмээх даргыг, түүний хийсэн бүтээсэнд дүн тавиулах нь ч МАН-даа өлзийтэй. Х.Нямбаатар бол шөвөлзөөд, шаралхаад ажлаа явуулчихая, үр дүнд хүрээтэхэе гэсэн мэрийлттэй байгаад байгааг хэн хүнгүй л анзаарч байгаа байх. Х.Нямбаатар ч өөрөө хэлэх хэрэгтэй. Сонгуульт хугацаанд минь ажиллуулсан шиг ажиллуулаатах гээд шууд хэлэх хэрэгтэй. Ийм ийм зүйл хийсэнийгээ 2028 оны хавар хэлээд өгье. Тэгээд ард түмнээс үнэлгээгээ авая. Чадсан, бүтээсэн зүйл байвал эрхбиш ард түмэн дахиад ч дэмжих биз. Бардам ам, хоосон гуя гэж үзвэл тэр л болно биз. Гэхдээ бардмаар хэлэхэд, Улаанбаатараа утаанаас, бас түгжрэлээс салгачихад үлдсэн хоёр жилд овоо ихийг хийнэ гэдгээ л ард түмэнд хэлж, хамтын итгэл найдвар, хамтын бүтээлч сэтгэхүйгээр амжилтыг гаргах хэрэгтэй юм. Чухам иймийн тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатарыг энэ эрчээр нь зүтгүүлэх нь манай эрх ашиг болно. Х.Нямбаатарыг нэгэнт хотын даргаар МАН өөрөө томилоод явуулсан. Тэгэхээр томилсон, илгээсэн хүнийхээ буух мөр, буцах эзэнтэй хариуцлагыг Х.Нямбаатарт нь үүрүүлээд 2028 онд хүрэх нь МАН -ын иргэдээс урваагүйн илэрхийлэл болно доо. 

 

З.САЙНТӨГӨЛДӨР


0:00 / 0:00
Хуваалцах:
2Хаха
3Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих