НИЙТЛЭЛОнцлох

Н.Учралын үе, түүний үлдээсэн зөв үргэлжлэл гэдэг түүхийг бичиж үлдээмээр байна, МАН-ын нэн шинэ залуу дарга!

Хуваалцах:
Н.Учралын үе, түүний үлдээсэн зөв үргэлжлэл гэдэг түүхийг бичиж үлдээмээр байна, МАН-ын нэн шинэ залуу дарга!
0:00 / 0:00

     Өдгөөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрыг гараа алдлаад тэвэрчихсэн нэг зураг байдаг. Жаран тэрбумын хэрэг гэгчийн хоёр холбогдогч л доо. Бас ч болоогүй өмнөө шарз хундагалаад тавьцгаачихсан. Туйлын баяр баясгалантай маягийн гарцгаасан тэр зургийг байсхийгээд олон нийтийн сүлжээнд гаргаад ирдэг. Саяхан гаргаад ирсэн л “явж” байна лээ. Нэг тийм тал талын сануулгууд өгөх үүднээс гаргаад тавьдгаар ойлгогддог. Мөнөөх зураг дахь Ц.Сандуйгийн яриа байсхийгээд гардаг. Мөн л олон нийтийн сүлжээнд. Одоо нэг тийм цонх үе нь яваад байх шиг байна. Тэр хэлдэг. “Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар аа, У. Хүрэлсүх даргаас урвавуузай...” гээд л. Мөн тэгсэнээ “Д.Амарбаясгалан нар намайг дүрэм өөрчлөөд намаас хөөсөн. Та нар дүрэмгүй хөөгдөнө шүү” л гээд шазав татав гэж байдаг. Түүгээр нь боллоо л доо. Д.Амарбаясгалан өөрийнхөө хийсэн дүрмээр намаасаа хөөгдлөө. Өөрийнхөө оёсон гутлаар өөрийгөө өшиглүүлж байгаа гэгч боллоо. Ц.Сандуйг Ванга л гэлцэх. Ц.Сандуй Ванга биш ээ. Ц.Сандуйг яагаад Ванга гэж хэлж байна гэхээр, Ардын намд болдог, болох зүйлийн үргэлжлэлийг, болох “ёстойг” л хэлсэн учраас тэгж байгаа юм.

Түүнээс биш Ц.Сандуй Ванга огт биш, Ардын нам л авлигаар нэгнээ намнадаг нь, авлига тэдний “өмч” болохоор Вангагийн хэлдэг шиг үнэн болохоор л тэгж байгаа юм. Мань Ц.Сандуй өчигдөр намын баярын бөхийн барилдааны төв индэрт Н.Учрал даргын зүүн гар талд сууж байна. М.Энхболд дарга гавьяатын тэмдгээ гялалзуулаад баруун гар талд нь сууж байна. У.Хүрэлсүх дарга М.Энхболд даргад гавьяат зүүж өгсөн нь ойлгомжтой. Зураг дүрс нь явж үзэгдэхгүй байна. М.Энхболдоос эрх мэдлийг У.Хүрэлсүх авахад зүтгэж явсан Т.Аюурсайхан шоронгоос гараад өчигдөр мэдэгдэл хийлээ.

Мэдэгдлийн агуулга Л. Оюун-Эрдэнэ намайг хэлмэгдүүлсэн, түүнтэй үзнэ ээ л гэсэн утгатай. Залгуулаад Америкаас Ч.Сайханбилэг ярилцлага өгч. Мөн л Л.Оюун-Эрдэнийг нүдэж байна. Ер нь энэ хавар Л. Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Баттулга нар хийгээд тэднийг хүрээлэгчдийн хонгоны махтай “ярих” яриа бүхий улс төр өрнөх нь тодорхой байна. Б.Энхбаярын галтай хавар гэдэг нь энэ л дээ. Д.Амарбаясгалан бас хэлж байна. Хамтын удирдлагын агуулга алдагдаж, хэлмэгдүүлдэг байдал руу ухрах төлөв рүү орж орхих нь дээ гээд. МАН-ын түүх угаасаа энэ.  Энэ бүх улс төр өрнөж байгаа байдлыг харваас нэг хүн л их “чадаж байна”. Их чадах ч алсдаа амаргүй дээ. Ер нь хүслээ танаж явах л ёс зүйтэй улс төрчийн үндсэн баялаг. Цагтаа Ц.Элбэгдорж Эрдэнэт үйлдвэрээ эцсэн үнээ гэж хэлэх дээрээ хүртэл дургиж явав шүү дээ. Өнөөдөр тэр хүн эх орондоо ирж чадахгүй л яваад байна. Эх орондоо ирж чадахгүйдээ тултал ингэж “тэнэж” явах нь их дураан гүйцээсэний шагнал уу гээд цэгнэх л ёстой юм даа. Ардын намыг тойроод ийм ийм зүйлс болсоор байна, болсоор ирлээ.

Ийм хачин гажиг тогтолцоо үргэлжилсээр, энэ гажгийн дор ард түмэн тоосорсоор, төр барьж, муур хулгана болж тоглосоор байвал бидний он цаг, бидний түүх юу болох билээ. Сармагчингийнхаас ялгаа үгүй. Одоо тэгээд ирэх сонгуульд М.Энхболд, Ц.Сандуй, Ж.Мөнхбат гишүүн болж, Д.Амарбаясгалан, Л. Оюун-Эрдэнэ нар гудмандаа гарах уу. Ж.Мөнхбат нэгэнтээ У.Хүрэлсүхийг “Австралиас авчирч Шадар сайд болголоо “ гэхэд, У.Хүрэлсүх нь “Харин хэн нь хэнээ авчирсан бол доо” гэж байв. Монголын улс төрийн,  Ардын намын түүх ингэж үргэлжилж болохгүй, Н.Учрал дарга аа. Хэрэв энэ чигээр нь л үргэлжлүүлбэл Н.Учрал Ардын намын гажгийг, Монголын ард түмний зовлон тохууг үргэлжлүүлсэн л явдал болно. Тиймээс энэ бүх гажгийг засаж, Н.Учралын үе, түүний үлдээсэн зөв үргэлжлэл гэдэг түүхийг бичиж үлдээмээр байна, МАН-ын нэн шинэ залуу дарга.

З.САЙНТӨГӨЛДӨР


0:00 / 0:00
Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих